Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар
сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан Apple
ба OpenAI компаниудын эсрэг шүүхэд нэхэмжлэл
гаргаж байгаагаа Америкийн бизнес эрхлэгч Илон Маск мэдэгджээ.
Түүний эзэмшил дэх xAI компанийн нэхэмжлэлд дурдсанаар, дээрх
үйлдэл нь хэрэглэгчдийг сонголтгүй болгож байгаа бөгөөд учир нь ChatGPT бол iPhone гар утсанд суулгасан цорын ганц бот ажээ.
И.Маскийн компани өөрийн гэсэн Grok
гэдэг чат-ботыг гаргахаар боловсруулж байгаа бөгөөд өмнө нь суулгасан ChatGPT-ээс
шалтгаалан айфоны хэрэглэгчидтэй хамтран ажиллах боломж хязгаарлагдмал болжээ. Өөрөөр
хэлбэл, xAI компани бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгох боломж хумигдсан тул дээрх хоёр компаниас олон тэрбумын нөхөн олговор өгөхийг шаардаж байгаа аж.
Дээрх нэхэмжлэлд дурдсанаар, Apple,
OpenAI компаниуд бол монополиуд бөгөөд учир нь, Америкийн ухаалаг гар утасны 65
хувийг iPhone, чат ботын зах зээлийн 80 орчим хувийг ChatGPT эзэлж байна. Шинжээчдийн
дүгнэж буйгаар, хоёр компани зах зээлд монополь байр суурьтай байна гэдгийг шүүх
хүлээн зөвшөөрөх магадлалтай боловч дээрх түншлэлийг ердийн бизнесийн шийдвэр
гэж үзэж болох талтай.
Тус хоёр компани өнгөрсөн онд
хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу iOS 18 үйлдлийн системд Apple
Intelligence-ийг суулгасан бөгөөд бусад компанийн бүтээгдэхүүнүүдийг айфонд
суулгах боломжтой хэмээн мэдэгдэж байв.
Харин Apple компанийн зүгээс
Маскийн нэхэмжлэлд хариу тайлбар хийсэнгүй. Apple компани АНУ-ын Монополийн
эсрэг хуулийг зөрчиж байна гэж Маск Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичиж байв.
Үүний хариуд OpenAI компанийн төлөөлөгч
мэдэгдэхдээ “энэ нэхэмжлэл бол Маскийн зүгээс бусдыг байнга мөрдөн хавчиж байдгийн нэг
жишээ” гэжээ. Компанийн захирал Сэм Альтман наймдугаар сарын эхээр мэдэгдэл
гаргаж “И.Маск өөрийн өрсөлдөгчид болон өөрт нь таалагддаггүй хүмүүсийг ийм
замаар хохироодог” гэж байв.
Альтман, Маск хоёр 2015 онд OpenAI
компанийг хамтран байгуулж байжээ. Гэвч 2018 онд санал зөрөлдсөний улмаас
И.Маск тус компанийн ТУЗ-өөс гарсан тэр цагаас хойш хоорондоо сөргөлдсөөр
байгаа юм.