"Уулын эрчимт алхалтын багийн тэмцээн"-д өргөнөөр оролцъё
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул, аялал, алхалтын клубүүдийн хооронд зургаа дахь жилдээ зохион байгуулах "Уулын эрчимт алхалтын багийн тэмцээн" бямба гарагт /2019.09.21/ болно.
Тус уламжлалт тэмцээнээр Манзушир -Зайсан чиглэлд 17.5 км зайг туулах бөгөөд энэ жилээс Улсын АШТ болж өргөжиж байгаагаараа онцлог юм. Уул, аяллын клубууд нь алхалт зохион байгуулахдаа олон алхагчийг хамруулж багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх төдийгүй багаасаа хоцорч буй нэгэндээ сэтгэл санаа, биеийн хүчний тус дэмжлэг үзүүлэх, тогтсон хурдаар урагшлах чадвартай болгох зорилт тавьдаг байна.
Мөн аяллын үеийн гэмтэл ослын тохиолдолд урьдчилан сэргийлэх чадварыг суулган осол гарч болзошгүй эрсдэлтэй маршрутыг сонгохгүй байх, ийм газраар явж өнгөрөхдөө бие биедээ туслах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг. Тухайлбал, биеийн хүчээ буруу хуваарилах, амрах, хооллох хугацааг оновчтой зохион байгуулах, харанхуй орчинд алхах шаардлага гарах тохиолдлыг багасгаж богино хугацаанд зайг туулах чадварыг эзэмшүүлдэг талаар зохион байгуулагчид онцолж байв.
Бүх насны хүмүүс алхалтад
оролцох боломжтой. Иймд тэмцээнд иргэдийг өргөнөөр хамруулах нь уулын алхалт
насны хязгааргүй, эрүүл байх үндэс гэдгийг тэдэнд биеэр таниулан мэдрүүлэх
чухал ач холбогдолтой.