Тост, Тосонбумбын нурууг улсын хамгаалалтад авна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-07 13:02:06

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 320 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон.

Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсийн амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Уг нуруу орчим нутагт байгаль хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж үр дүнтэй хэрэгжүүлснээр байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үр нөлөө үзүүлнэ. Судалгааны үр дүнд тус хамгаалалттай газрын кв км бүр нь тухайн амьтны хувьд үр төлөө гаргадаг, шилжилт хөдөлгөөн хийдэг, ороо хөөцөөнд ордог онцлогтой чухал ач холбогдол бүхий газар нутаг болохыг харуулж байгаа тул энэхүү нэн ховор чухал амьтны генийн санг хадгалах, хэвийн тогтвортой амьдрах нөхцлийг хангахад Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай гэж санаачлагчид нь үзэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ховордсон амьтан ургамлыг хамгаалья гэсэн санаачилгыг дэмжсэн байр суурьтай байсан ба байгалийн тогтоцоор нь хилийн заагийг тогтоож чадаж байгаа эсэх асуудалд анхаарал хандуулж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Хичнээн га газрыг хамгаалалтад авах нь тодорхойгүй, нөхөн төлбөрт өгөх мөнгөн дүн тодорхойгүй байна. Нүүрс зарагдахгүй байгаа учир компаниуд тус нуруу дахь лицензээсээ нөхөн төлбөр авах гээд байгаа юм биш үү" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Аливаа газар нутгийг хамгаалалтад авснаар малчдын нүүж суух, буу шийдэм хэрэглэх гэх зэрэг амьдралын хэвшил хязгаарлагддаг. Малчдын амьдралд ийм нөлөөлөл учирдаг тул энэ асуудлыг бодолцох шаардлагатай" гэлээ.

Ингээд уг тогтоолын төслийг цаашид УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжиж буй эсэхээр санал хураалт явуулахад 91,9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Б.Туул

相关新闻