Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Зүүнхангай суманд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар долдугаар сарын 29-нөөс 30-нд Зүүнхангай суманд ажиллахдаа сумын ард иргэдтэй уулзсанаас гадна тухайн суманд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
Сумын Нутгийн удирдлагын ордны барилгыг улсын төсвийн нэг тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Баянбаатар Хайрхан” компани барьж байгаа бөгөөд одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй.
Барилга ирэх наймдугаар сарын сүүлчээр ашиглалтад орно. Сумын цэцэрлэгийг улсын төсвийн 341 сая төгрөгийн санхүүжилтээр "Скай Айранг" компани их засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Засварын ажил 30 хувьтай. Зүүнхангай сумын цэцэрлэгт 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг.
Цэцэрлэгийн барилгыг дөрвөн жилийн өмнө засварласан боловч тавцангаасаа жижиг чанаргүй цонх хийсэн учраас дулаан алддаг байна.
Сангийн сайд сургууль, цэцэрлэгийн барилга барих, засварлах ажилд мэргэжлийн байгууллага сайтар хяналт тавьж ажиллах. Мөн барилгын компанийн үүрэг хариуцлагыг сайжруулах шаардлага байгааг дурдаж ажлыг чанартай хийх талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.
Зүүнхангай сумын ард иргэдтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уулзалт хийх үеэр иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд түүхий эдийн ханш хүртэл өргөн сэдвээр асуулт асууж, хариулт авсан.
Үндсэн хуулийг
өөрчлөхдөө шударга ёс, хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгааг
онцолсон. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хугацааг уртасгах нь энэ цаг үед тохиромжгүй гэж иргэд үзжээ.
Зүүнхангай суманд чанаргүй зээл байхгүй, ард иргэд
нь таван тэрбумын хадгаламжтай, харьцангуй эдийн засгийн чадамжтай сум бөгөөд саяхан
түмэн адууныхаа баярыг хийсэн аж.