Мал эмнэлгийн гэрчилгээгүй, хяналтын цэгт бүртгүүлээгүй морьдыг уралдуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-25 14:47:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой, Хангайн бүсийн хурд-2019 даншиг наадам долдугаар сарын 26-наас 28-нд болно.

Албаныхан даншиг наадамд уралдах морьд хийгээд Баянхонгор аймаг болон тус аймгийн нутгаар дайран гарч бусад аймаг, сум, бүсийн наадамд уралдахаар явж буй морьдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахаар болжээ.

Учир нь Баянхонгор аймаг Монгол Улсын малын гоц халдварт өвчингүй эрүүл бүсийн нэг юм. Хяналт тавихдаа мал, амьтны гоц халдварт өвчний голомттой бүс нутгаас хурдны болон үржлийн чиглэлээр мал, амьтан худалдан авсан эсэх, мал эмнэлгийн гэрчилгээг авсан эсэх, мал эмнэлгийн хяналтын цэгүүдээр дамжин өнгөрсөн эсэх, үүгээр дамжин өнгөрөхдөө тээврийн хэрэгсэлдээ халдваргүйжүүлэлт хийлгэсэн эсэх, тээвэрлэж буй мал, амьтныг ямар зорилгоор хаана хүргэх зэргийг бүртгэх юм.

Хяналт тавих шийдвэрийг аймгуудын холбогдох газруудад хүргүүлжээ. Хэрэв мал эмнэлгийн гэрчилгээгүй, хяналтын цэгүүдэд бүртгүүлээгүй, ариутгал хийлгээгүй бол Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт нэвтрэх, улмаар “Хангайн бүсийн хурд- 2019”-д оролцох боломжгүй болохыг аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулав.

相关新闻