Үндэсний сур харваачдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-07-02 22:57:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн даян мэргэн Г.Дүгэрсүрэнгийн нэрэмжит Говь-Алтай аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Дэлгэр суманд зургаадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж нийт 70 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтэд тус аймгийн Засаг дарга, үндэсний Сурын холбооны тэргүүн В.Рэнцэндорж, ИТХ-ын дарга Л.Батжаргал нар оролцсон юм. Монголын үндэсний сурын харвааг хөгжүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор Л.Дүгэрсүрэнгийн нэрэмжит “Дэвжих цэц” үндэсний сурын холбоо, Говь-Алтай аймгийн сурын холбоо хамтран зохион байгуулсан юм.

Уг тэмцээнийг хана, хасаа, хүүхдийн төрлүүдээр зохион байгуулснаас нийлбэр дүнгээр эрэгтэй ангилалд Аймгийн мэргэн, спортын мастер Э.Золбадрах, эмэгтэйд залуу харваач Б.Нямдаваа түрүүлсэн бол хүүхдийн харваанд эрэгтэй Ц.Уламбаяр, эмэгтэйд Л.Эрхэмбилэг нар хошуучилжээ.