Шинэ төрөл зүйлийн ялааг “Хаадын тоглоом”-ын дүрээр нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-07-02 11:07:10

КАНБЕРРА. /АBC/. Австралид нэгэн шинэ төрөл зүйлийн ялааг “НВО” сувгийн уран бүтээл “Хаадын тоглоом” цуврал киноны эсрэг дүр болох “Шөнийн хаан” хэмээн нэрлэжээ.


Судлаачдын хэлснээр, “Парамоновиус шөнийн хаан” өвлийн хүйтэнд тэсвэртэй бөгөөд өргөс шиг үсэн титэмтэйн зэрэгцээ бусад шавжнуудыг “зомби” болгон хувиргадаг ажээ. Нэг сантиметр урт уг ялаа өвлийн улиралд Австралийн баруун нутгийн хэсэг газарт харагддаг байна. Өнгөрсөн онд Австралид 230 гаруй төрөл зүйлийн амьтныг шинээр нээж, нэр өгчээ.


“Парамоновиус шөнийн хаан”-ыг 2012 онд “Wandoo” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн судлаачид анх илрүүлсэн боловч Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллагын мэргэжилтэн шинэ төрөл зүйл гэдгийг нь олон жилийн дараа тогтоосон нь энэ ажээ.


Энэхүү ялаа нь зөгий шиг харагддаг бүлгийн ялаануудын нэг ба тэдгээр нь зөгийн хатгалтыг мэддэг шувуудын идэш болохоос сэргийлэх зорилгоор ийм болсон гэж судлаачид үздэг байна.


Дэлхий даяар зөгий шиг харагддаг 5200 гаруй төрөл зүйлийн ялаа бүртгэгдсэн байдаг бөгөөд нээж илрүүлээгүй маш олон төрөл зүйл байх магадлалтай ажээ. 

相关新闻