Олимпын эрхийн оноо өгөх бадминтоны ОУТ 6 өдөр үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд болж буй “Токио-2020” олимпийн эрхийн оноо цуглуулах бадминтоны олон улсын тэмцээн Спортын төв ордонд 6 өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулна.
Тус тэмцээн “Mines Up-Total Mongolia International Challenge” нэрийн дор 25 мянган долларын шагналын сантай зохион байгуулж байна. Тэмцээнд АНУ, Канад, Англи, Герман, Австрали, Япон, Тайвань, Тайланд, Малайз зэрэг бадминтоны спорт өндөр хөгжсөн 24 орны 160 гаруй шилдэг тамирчин өрсөлдөхөөр манай улсад ирээ байгаа юм.
Тухайлбал, дэлхийн чансааны 40-д эрэмбэтэй Энэтхэгийн тамирчин Субханкар Дэе, 2018 оны залуучуудын дэлхийн аварга, Тайландын тамирчин Варот Урайвонг, дэлхийн чансааны 73-т жагсаж байгаа Оросын тамирчин Сергей Сирант зэрэг шилдэг тамирчид оролцож байна.
Дэлхийн бадминтоны холбооноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны хооронд болох бүх чэлленжер, ДАШТ, Мастерс, Супер цом, Алтан Гран при, Гран при ангиллын бүх тэмцээнд олимпын оноо олгох юм. Эдгээр тэмцээний нэг болох олимпын эрхийн оноо олгох “Mines Up-Total Mongolia International Challenge” Монголд болж байгаа гэдгээрээ онцлогтой. Уг тэмцээнд түрүүлсэн тамирчин чансааны 4000, мөнгөн медальтан 3400, хүрэл медальтан 2800 оноо авна. Харин шилдэг 32-т багтвал үзүүлсэн амжилтаас нь хамаарч 920-2200 оноо олгох аж.
Улаанбаатарын тэмцээнд манай улсаас 10 гаруй тамирчин оролцож байгаа аж. Дэлхийн чансааны 260 дугаарт эрэмбэтэй М.Батдаваа 32-ын үндсэн тойрогт багтсан бол С.Энхбат, Хувьтөгөлдөр, Б.Сумьяасүрэн нарын бадминтончид урьдчилсан шатанд өрсөлдөнө. Мөн эрэгтэйчүүдийн хос, эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдөх оноолтод манай тамирчдын нэр нь багтсан байна.
Хоёр дахь өдрийн байдлаар
эрэгтэйчүүдийн чансааг Японы Кенто Момота, эмэгтэйчүүдийг Тайванийн Тай Зү Инг
тэргүүлж байна. Харин эрэгтэй хосын төрөлд Индонез улсын Маркус Ферналди
Гидеон, Кевин Санжая Сукамулжо нар манлайлж байгаа бол эмэгтэй хосыг Японы Маюү
Мацүмото, Вакана Нагахара нар тэргүүлсэн хэвээр байна. Мөн холимог хосын төрөлд
Хятадын Зен Шивэй, Хуан Якион нар хошуулж байгаа юм. Багийн дүнгээр Япон,
БНХАУ, Индонез гэсэн дэлхийн чансааны эрэмбийг тэргүүлж байна.