Он гарсаар Орхон аймагт хар тамхитай холбоотой найман хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-26 16:10:08
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Энэ оны эхний хагас жилийн байдлаар хөдөө, орон нутагт хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн 13 тохиолдлын найм нь Орхон аймагт бүртгэгджээ.

Иймээс “Хар тамхи мансууралтай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан ЦЕГ-ын Хар тамхи мансууралтай тэмцэх газраас эрсдэлт бүсүүд болох нийслэлийн Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт болон Орхон аймагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулж байна. 

Үүний хүрээнд “Уурхайчин” соёлын ордонд ЦЕГ-ын Хар тамхи, мансууралтай тэмцэх газарын мэргэжилтэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар,  Монгол Улсын иргэдийг гадаад улсад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл буюу хүний дайвар ачаа, тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгах тухай сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.

2018 онд энэ төрлийн 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдож шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96 гэмт хэрэгт 188 хүнийг шалгаж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7.3 хувиар буюу долоон нэгжээр, холбогдогч 1.1 хувиар буюу хоёр нэгжээр өссөн байна. Нийт холбогдогчийн 87.2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13.8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4.7 хувь буюу ес нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 54.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол, боловсролын байдлаар нь үзвэл, 67.5 хувь нь бүрэн дунд, 23.4 хувь нь дээд, 6.3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Гадаад харилцааны яамны мэдээллээр, 2006-2019 оны эхний улирлын байдлаар БНХАУ-д манай улсын 169 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, 44 иргэн цаазаар авах ял болон 20-25 жил, тодорхойгүй хугацаагаар хорих ял шийтгэл авчээ. Мөн Словак, Малайз улсад тус бүр нэг иргэн хорих ял эдэлж байна.

НҮБ-ын 2014 оны тайланд манай улсыг хэрэглэгч орны тоонд оруулсан байна.  Хар тамхи нь хүний уураг тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг ургамлын болон химийн гаралтай мансууруулах бодис юм. Хар тамхины найрлага нь хүний цусыг бохирдуулж улмаар донтуулдаг бөгөөд тархины эдийг үхүүлж, хэвийн сэтгэх үйл ажиллагааг доголдуулж байдаг юм.

 

 

相关新闻