Монголын тамирчид баяраа Ерөнхий сайдын хамт тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-22 14:17:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүд болон биеийн тамир, спортыг дэмжигчид хуран цуглаж Монголын тамирчдын баярын өдрийг тэмдэглэв.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тамирчдын баярыг энэ удаа Олон улсын олимпын өдөртэй хамтатган тэмдэглэж байна.


Энэхүү баярт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж оролцсон нь “Токио-2020” зуны олимпын наадмын өмнөх жил гэдгээрээ манай үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдад их урам өгсөн баярт үйл явдал боллоо.


Тамирчдын баярт БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бээжингийн олимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган тэргүүтэй тус салбарын удирдах албаныхан тэргүүтэй зочид төлөөлөгч, ахмад үеийнхэн оролцлоо.


Мөн Нийслэлийн БТСХ, ХУД, СБД, СХД зэрэг дүүргийн спорт хороод, “Алдар”, “Хүч” зэрэг спорт хороо, Монголын боксын холбоо, МХАХ, МТХ, МЖЖХ, МЖБХ, Монголын ахмад мастеруудын биеийн тамир спортын хороо зэрэг 30 гаруй спортын холбоо, хороо оролцож баяраа тэмдэглэсэн юм.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв талбайд байрлуулсан спорт хороо, спортын холбоодын асар болон дэвжээгээр зочилж тамирчид, дасгалжуулагчид, ахмад үеийнхэн, ард иргэдтэй уулзаж дурсгалын зураг авахуулж, тэдний амжилтын талаар сонирхож, шигшээ багийн тамирчдад “Токио-2020” олимпын эрхийг олон тамирчин авч, улмаар зуны 32 дугаар олимпын наадмын тэнгэрт Төрийнхөө далбааг олонтаа мандуулахыг хүсэн ерөөсөн юм.


Монголын үе үеийн тамирчид хуран цугларсан энэ баярт балчир тамирчдаас эхлэн 60-80 насыг зооглосон ахмад тамирчид олимп, тив, дэлхий, улс, аймаг, сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн медалиудаа зүүж ирдэг уламжлалтай тамирчин хүний бахархалт өдөр билээ. 




Энэ үеэр Токио олимп сангийн нээлтийн ёслол болсон бөгөөд "Тамирчдын баяр"-т Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үлээвэр найрал хөгжимчид, болон урлаг, соёлын уран бүтээлчид ирж ая дуугаа өргөсөн юм.



  

相关新闻