Энэтхэг тойрог замын станц хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн сансар судлалын “ISRO” агентлаг сансрын нөхцөлд судалгаа явуулах станцаа 2030 он гэхэд тойрог замд оруулахаар төлөвлөжээ. Энэ тухай тус агентлагийн дарга Кайласавадиву Сиван мэдээлжээ. Түүний хэлснээр, тойрог замын станцын жин 20 тонн орчим байх аж.
Одоогийн байдлаар ОХУ, АНУ, БНХАУ болон Олон улсын сансрын станцыг хамтран эзэмшдэг улс орнууд сансрын өөрийн гэсэн станцтай билээ.
2022 онд тэмдэглэх тусгаар тогтнолын 75 жилийн ойг тохиолдуулан Энэтхэг анхны жолоодлогот хөлгөө сансарт илгээнэ гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн онд мэдэгдсэн юм. Үүний дараа “ISRO” агентлаг сансрын гурван нисэгчийг “сансарт хүргэх”, мөн долоон өдөр нисэх чадалтай "Гаганьян" жолоодлогот хөлгийнхөө зураг төслийг гаргасан тухай мэдээлжээ. Жолоодлогот хөлгөөр хийх анхны аяллыг одоогоор 2021 оны 12 дугаар сард товлосон байна. Үүнээс өмнө 2020 оны сүүлээр болон 2021 оны эхээр автомат удирдлагатай хоёр хөлгийг тойрог замд хөөргөж, туршихаар төлөвлөжээ.
1.3 орчим тэрбум хүн амтай Энэтхэг улсад одоогоор мэргэжлийн сансрын нисэгч ердөө ганцхан бий. Тус улсын цорын ганц сансрын нисэгч Ракеша Шарму 1984 онд Зөвлөлтийн "Союз Т-11" хөлгөөр сансарт нисжээ. Энэтхэгчүүд мөн Энэтхэгт төрсөн боловч дараа нь АНУ-д цагаачлан гарч, тус улсын иргэн болсон Калпана Чавлаг "өөрсдийнхөө" эмэгтэй сансрын нисэгч гэж үздэг байна. Тэрбээр 1997 онд анх сансарт нисжээ. 2003 онд “Колумб” хөлгөөр хоёр дахь удаагаа сансарт нисэх үед нь осол болж, Чавла хөлгийн багийн гишүүдийн хамт амиа алджээ.