МоАХ-ны онц их хурлыг хуралдуулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-30 16:07:48

Ардчилсан хувьсгалыг анхдагчдын зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Тус зөвлөлийнхөн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ танилцуулав.

Мэдэгдэлд, "Сүүлийн өдрүүдэд МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар тус холбооны гишүүд хоёр хуваагдаж, талцах болсонд харамсаж байна. Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтыг үндэслэн асуудалд хүлээцтэй хандахыг уриалж байна. Ардчилсан хувьсгалын манлайд явсан хүмүүс ийнхүү хоёр талцаж, сарнин бутрах нь ардчиллыг үгүйсгэн гутааж байгаа эсрэг талын нөхдөд том боломж гарч ирэх аюултай. Монгол Улсдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулахаа амалсан бид хэн нэгэн хүний төлөө биш нийгмийнхээ сайн сайхан, шударга ёс, тэгш боломж, өнөөдрийн гажуудлыг засах арга замын төлөө үгээ хэлж нэгдээсэй гэж хүсч байна" гэжээ.

Тэд мөн МоАХ-ны онц их хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 15-ний дотор яаралтай хуралдуулж, холбооны дүрэм журам, цаашдын үйл ажиллагааны зорилтоо хэлэлцэж, нэг саналтайгаар батлах шаардлагатай гэж үзэж байгааг мэдэгдлээ.

Э.Бат-Уянга

 

相关新闻