Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТДулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн "Монгол Коосэн" сургуулийн "Алтан хүү" клубт болж Их мастер Д.Эрдэнэбилэг түрүүлэв.
Тэмцээнд 63 даамчин оюун ухаанаа уралдуулсан бөгөөд олон улсын их мастер цолтон 4, Дэлхийн даамын холбооны мастер 8, спортын мастер 15, дэд мастер 18 байв. Мөн эх орны баруун хязгаар Увс, Ховд аймгийн тамирчид ч хүрэлцэн ирсэн юм. Швейцарь системээр 9 өрөг тоглоход Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Д.Эрдэнэбилэг /Шинэ Монгол/ 15 оноогоор аварга болж спортын мастер Д.Эрдэмбилэг /ТЭЦ-4/ 14 оноогоор удааллаа. Шагналт III-V байранд ДДХМ Р.Манлай /Монгол Коосэн/, С.Даваадорж /БЗД/, ОУИМ Г.Ганжаргал /БЗД/ нар шалгарсан юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер М.Одгэрэл /Хасу-Мегаватт/, ОУИМ М.Нямжаргал /МУИС/, спортын мастер Г.Энхтуяа /СХД/ нар эхний гурван байр эзэллээ. Харин охидоос дэд мастер Э.Маргад /Хэнтий, Норовлин/, хөвгүүдээс спортын мастер М.Шийравжамц /1-р сургууль/, хөдөө орон нутгийн тамирчдаас дэд мастер Т.Ням /Ховд/ нар шагналт байрт тус тус шалгарлаа.
Д.Өлзий