Австралийн Засгийн газар 10.8 сая долларын тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭАвстрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри /John Langrty/ үүрэгт ажлаа хүлээн авсанаас хойш анх удаа мэдээлэл хийж, урт хугацааны хөгжлийн салбар, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа холбоо зэрэг асуудлыг дэлгэрэнгүй танилцууллаа .
Монгол-Австрали хоёр улс нь 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 44 жил найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн. 2008 онд Монгол Улс Элчин сайдын яамаа Австралийн нийслэл Канбэррад нээсэн бөгөөд 2012 оноос Монголд Австралийн Ерөнхий консулын газар үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард Австрали Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод албан ёсоор нээснээр хоёр орны харилцаа улам гүнзгийрч, иргэд хоорондын харилцаа болон бусад салбар дахь хамтын ажиллагаа өргөжихөд томоохон түлхэц өгөөд байна.
Элчин сайд Жон Лангрти “Монголд Австралийн Элчин сайдын яам нээснээр хоёр орны харилцаа улам гүнзгийрч, улс төрийн хувьд хамтрах болсныг гэрчилж байна. Бид чөлөөт зах зээлийг эрхэмлэх, хүний эрхийг дээдлэх ижил үнэт зүйл зарчимтай. Хоёр улс даян дэлхийн болон бүс нутгийн хэмжээний батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар хамтран ажилладаг. Бид хамтын ажиллагаандаа олон улсад энхийг сахиулах, аюулгүй байдлыг гол чиглэлээ болгодог. Нягт хамтын ажиллагаа, нийтлэг сонирхол дээр үндэслэн 2015 онд Австрали-Монгол Улсын хооронд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд тус санамж бичигт Сургалт, боловсрол, хүмүүнлэгийн тусламж, авран хамгаалах ажиллагаа, энхийг сахиулах чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон. Хамтын ажиллагааны цөм нь энхийг сахиулах хүчний үйл ажиллагаа байх юм. Үүнээс гадна хоёр орны хооронд батлан хамгаалах бодлогын чиглэлээр хийгдэх яриа хэлцлийг энэ оны хоёрдугаар хагаст Монгол Улсад зохион байгуулна” гэв.
2015-2016 оны санхүүгийн жилд Австрали Улсын Засгийн газраас Монголд нийт 10.8 сая австр.долларын хөгжлийн тусламжийг үзүүлэх болжээ. Үүнээс 6.4 сая австр.доллар нь Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны санхүүжилт байх аж. Энэхүү тусламжийн хөтөлбөр нь хүний хөгжил болон уул уурхайн засаглалын чиглэлээр хэрэгжих юм байна.
Өнөө үед Австрали улсад суралцах, боловсрол эзэмших монголчуудын сонирхол улам бүр нэмэгдэж байгаа. Энэ онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 57 монгол оюутан тус улсад бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа бөгөөд дахин 15-25 монгол иргэнийг суралцуулахаар төлөвлөж байгаа аж. Харин өнгөрөгч 14 жилийн хугацаанд нийт 6000 гаруй монгол иргэн Австралид боловсрол эзэмшсэнээс 400 гаруй нь тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцжээ.
Австралид төгсөгч монголчууд дэлхийн бусад орон болон Австралид амьдран суудаг бусад төгсөгчидтэйгээ холбогдон тухайн улс, бүс нутаг, дэлхийн хэмжээнд мэргэжилтнүүдийг нэгтгэсэн сүлжээг үүсгэх зорилгоор “Төгсөгчдийн дэлхийн сүлжээ портал”-ыг өнөөдөр албан ёсоор нээх юм байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр