АНУ-ыг зорих цагаачдын тоог бууруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕХИКО. /BBC/. Мексикээр дамжин АНУ-ыг зорих цагаачдын тоог бууруулах
45 хоногийн хугацааг АНУ-ын засаг захиргаа Мексикийн эрх баригчдад олгосон
байна.
Бараа
бүтээгдэхүүнд нь татвар ногдуулахаас сэргийлэхээр АНУ-ын талтай байгуулсан
гэрээний талаар Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард даваа гарагт мэдээлэл хийжээ.
“Хэдийгээр тодорхой
тоо хэмжээ заагаагүй боловч Мексикийн хэрэгжүүлж буй цагаачдын урсгалыг
бууруулах арга хэмжээнүүдийг долдугаар сарын дундуур үнэлнэ. Хэрэв тухайн үед
цагаачдын тоо буураагүй байвал бүс нутгийн шийдлийг эрэлхийлнэ” гэж М.Эбрард хэлсэн
байна.
АНУ-Мексикийн
төлөөлөгчид олон хоногийн турш “маш хүнд хэлэлцээ” хийсний дүнд өнгөрсөн баасан
гарагт тохиролцоонд хүрсэн билээ. АНУ-ын төлөөлөгчид Мексикээр дамжин ирж буй
цагаачдын тоог “тэг” болгохыг хүссэн бөгөөд Мексикийн Гадаад хэргийн сайдын
хэлснээр, энэ нь “биелэгдэшгүй даалгавар” ажээ.