Есөн залуу гэр бүлд өргөө гэр гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс хоёр жилд нэг удаа зохион явуулдаг уламжлалт Спортын XVI наадам болж байна.
Энэхүү наадамд 20 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүргийн 1000 мэргэшсэн нягтлан бодогч долоон төрлийн тэмцээнд ур чадвар, ухаан бодлоо уралдуулан өрсөлдөж байгаа юм. Энэхүү уламжлалт наадмын хүрээнд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга Э.Энхбат болон тус салбарын санаачилгаар салбар салбарын шилдэг ажилтан, ажилчид, малчин зэрэг есөн залуу гэр бүлд таван ханатай өргөө цагаан гэрийг гардууллаа.
Нийгмийн сайн сайхны төлөөх тус арга хэмжээний онцлог нь тухайн гэрүүдийг зөвхөн зорилтот бүлэг гэлгүй, амьдралдаа болон ажил хөдөлмөртөө амжилт гаргахын төлөө чармайн ажиллаж буй залуу гэр бүлийнхэнд гардуулсан нь үнэ цэнтэй, зөв санаачилга байсныг мөн үеэр аймгийн удирдлагууд онцолж байв.