БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /Reuters/. "БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг өсгөх эсэх асуудлыг энэ сарын эцсээр болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын
дараа шийднэ" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.
Д.Трампын Францын
сэтгүүлчдэд мэдээлснээр, тэрбээр дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын
дарга Си Жиньпинтэй уулзсаны дараа шийдвэрээ гаргах ажээ.
“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Японы баруун нутгийн Осака хотноо зургадугаар сарын 28, 29-нд болох бөгөөд АНУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалтын албан ёсны тов хараахан гараагүй байна. Түүнчлэн хоёр талын худалдааны төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сарын 10-наас хойш уулзаагүй юм.
АНУ-ын засаг
захиргаа БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 25
хувийн нэмэлт татвар ногдуулна хэмээн өмнө нь мэдэгдсэн билээ. Энэхүү арга хэмжээ
хэрэгжиж эхэлсэн тохиолдолд АНУ-ын БНХАУ-аас импортолж буй бараг бүх бараа
бүтээгдэхүүний татвар нэмэгдэх төлөвтэй байна.