Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө Г.Рассельтай тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, “Лондон-2012” олимпын болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэрээр дараагийн өрсөлдөгчөө WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа АНУ-ын тамирчин, 30 настай Гарри Рассель гэдгийг “Корпорейт” зочид буудалд болсон тус хэвлэлийн хурал дээр мэдээллээ.
Н.Төгсцогт энэ долоо хоногт эх орондоо ирсэн бөгөөд IBO холбооны дэлхийн аваргын бүсний эзэн болсон амжилтаа болон WBC бүсний аваргын төлөө хийх тулааныхаа талаар эх орондоо ирж ийнхүү танилцууллаа.
Тэрээр Монголын боксчдын төдийгүй манай спортын
түүхэнд 17-хон насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль, 20 насандаа “Лондон-2012”
олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн дэлхийд данстай боксчин билээ.
Хэвлэлийн бага хуралд ирсэн сэтгүүлчид Н.Төгсцогтод сонирхсон асуултаа тавьж хариулт
авсан юм.
-Лондонгийн олимпод хүч үзсэн боксчдоос дэлхийн аварга ч
төрсөн, мэргэжлийн боксын аваргын бүс ч авсан тамирчид бий. Таны хувьд,
мэргэжлийн боксоор хүч үзээд нэлээд хугацааны дараа аварга болсон нь бэртлээс
шалтгаалсан болов уу?
-Би 2017 онд шөрмөсөө сунгаж, хүнд гэмтэл авсан. Мэргэжлийн бокс нимгэн бээлийтэй тулалддаг болохоор гэмтэл амархан сэдэрч, цөөхөн тулаан хийсэн.
-WBC холбооны бүсний эзэн болсон ч IBO холбооны бүсээ
давхар эзэмших үү?
-Тэгэлгүй яахав. Энэ бол миний хамгийн хайртай бүс.
-Эх орондоо дараагийн аль нэг тулаанаа хийх бодол байгаа
юу?
- Лас Вегас, Нью-Йорк гээд АНУ-д болсон миний тулаануудыг
монголчууд олноор ирж үзэн дэмждэг. Би аваргын
бүсээ эзэмшсэний дараа Монголдоо тэмцээн зохион байгуулж болох байх гэж бодож
байгаа. Монголчууд мэргэжлийн боксыг их сонирхдог,
дэмждэг тул манай менежер ч энэ талаар ярьж байсан. Монголдоо дэлхийн алдартай тамирчдыг цуглуулж тэмцээн хийх бас сайхан
байх болов уу.
-Та бэлтгэл сургуулилтаа долоо хоногт хэдэн удаа хийдэг
бол?
-Долоо хоногийн зургаан өдөрт нь өглөө, орой 2 удаа
тогмол бэлтгэл хийж байгаа. Сонирхогчдын боксоос илүү их ачаалалтай,
урт хугацаагаар бэлтгэдэг. Америкийн мэргэжлийн боксын сургуулилт
нь эндэхээс өөр, ялгаатай. Миний хувьд, сурах зүйл их байгаа. Одоогоор энэ арга
барил, сургалтаас 70 орчим хувьтай л эзэмшиж байна. Ер нь сонирхогчдын боксоос
огт өөр. Тэнд очоод би бүхнийг тэгээс эхэлсэн. Эхэндээ бэлтгэлийн дараагийн
өдөр өглөө босоход ч хүнд байсан. Удаан хугацаанд бээлийтэй бэлтгэл хийхэд гар
өөрийн эрхгүй цуцдаг байв. Би олимпын боксод байснаас жин өгсөж тоглож байгаа.
-Гарри Рассель WBC холбооны бүсний эзэн болоод их цөөн
тулаан хийсэн. Энэ удаа тэр тулаанд бэлэн байгаа болов уу?
- Мэргэжлийн боксын WBC холбооноос түүнийг ингэж цөөн
тулаан хийх болсныг сайшаахгүй байгаа. Миний хувьд, WBC холбооны аварга бүсний
эзэн Гарри Расселийг 2019 оны наймдугаар сарын 3-нд тулаанд дуудаад байгаа. Тэр тулааны товыг өөрчлөх эрхтэй ч
тулалдахгүй бол аваргын бүсийг нь хурааж авах эрх нь WBC холбоонд бас
байгаа юм.
Гарри Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн
халз тулаанд хүчээ сорьсноос 17-г нь хүнд цохилтоор ялсан байна. Тэр ганцхан
удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалсан шилдэг боксчин юм.
Ийнхүү мэргэжлийн WBC холбооны 57,2 кг жингийн аваргын бүсийн төлөө өрсөлдөх
“King Tug” Н.Төгсцогт, Гарри Рассель нарын халз тулааны товыг албан ёсоор зарлаагүй
байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, Н.Төгсцогтын өвөөгийн удамд
Төгсцогт гэдэг бөх 1900-гаад оны эхээр амьдарч байсан гэдэг. Тэр Даншиг наадамд
түрүүлж “Улам өрнөх” цол авч байжээ. Н.Төгсцогтыг төрөхөд сайн бөх
болохыг бэлгэдэж, өвөө нь ууган ачдаа Улам-Өрнөх Төгсцогт гэдэг нэр хайрласан
байна. Харин эмээ болон аав, ээж нь төрсний гэрчилгээний овог нэр бичдэг зайд
багтахгүй, дэндүү урт болохоор Улам-Өрнөхийг нь хасаад Төгсцогт гэж бичүүлсэн
гэдэг.
Багаасаа л олимп гэж юу байдгийг ч мэдэхгүй байхдаа олимпоос алтан медаль авчирлаа гэж тоглодог байжээ. Түүнийг өхөөрдөн олимпын аваргаа гэж дууддаг байсан гэдэг. Н.Төгсцогтын боксын спортын А үсэг заасан анхны багш нь гавьяат дасгалжуулагч А.Гантулга /Алдар нийгэмлэг/ юм. 2008 онд Якутын Сахад болсон Азийн Хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртсэн Төгсөө хүү жилийн дараа л Италийн Миланд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргын төлөө тулалдсан юм. Боксын спортоор хичээллэсэн гурав дахь жилдээ анх удаа жин өгсөж 51 кг-д тоглосон 17 настай хүү дэлхийн ринг дээр ур чадвараа гайхуулсан нь түүний унаган авьяас, хичээнгүй хөдөлмөрийн үр дүн юм.
Н.Төгсцогт ДАШТ-ий эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбам,
хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенку, гуравт Ирландын Г.Деклан, хүрэл медалийн
төлөө Италийн В.Пикардиг 12:7-гоор ялсан. Мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин
М.Алояныг 8:7-оор буулгаж авсан юм. Ийнхүү 17 насандаа Дэлхийн аваргын төлөө
Пуэрто-Рикогийн Мак Уильямс Аррояатай тулалдаж ялагдсан.
Тэрбээр 3 жилийн дараа 20 насандаа “Лондон-2012” олимпын
наадамд гайхалтай амжилт гаргаж олимпын аваргын алтан медалийн төлөө Кубын
боксчин Рамирез Карразанатай 3 үеийн турш ширүүн тулаан хийж 17:14-өөр хожигдон мөнгөн медаль хүртсэн юм.
Улмаар 2014 онд Н.Төгсцогт сонирхогчдын боксыг орхиж,
багын хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэхээр мэргэжлийн боксыг сонгож АНУ-ыг зорьсон
билээ. Ийнхүү Н.Төгсцогт “King Tug” нэрээр мэргэжлийн боксын ертөнцөд цахиур
хагалж эхэлсэн түүхтэй. Мэргэжлийн боксын ринг дэх анхны өрсөлдөгч нь АНУ-ын 30
настай Габриэл Брэкстон байв. Тэрбээр 2015 оны гуравдугаар сарын 13-нд
Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын
гараагаа эхлүүлсэн. Түүний дараагийн тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон
хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн бөгөөд түүнийг нэг минут
24 секундэд буулгаж авсан. “King Tug” 2018 оны тавдугаар сард 10 дахь
тулаанаараа Колумбын Оскар Эскандоныг нам цохив.
Ийнхүү дараалсан 10 тулаанд ялалт байгуулсан Төгсөө
мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой
нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Бруклин "Barclays Center"-т
хийсэн юм. Тэдний хэн ялсан нь IBO холбооны Дэлхийн аварга болох байв. Мөн ялагч
нь WBC холбооны 57,2 кг жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсныг
WBC албан ёсоор зарласан. Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх
тулаандаа К.Маррейротой 12 раунд хүч үзэн илт илүүрхэн яллаа. Харин тэр энэ
удаа өөрийн тоглолтын ур чадвараа бүрэн харуулалгүйгээр ийнхүү эзэнгүй байсан
IBO холбооны Дэлхийн аваргын бүсний эзэн болж шилдгийн шилдэг гэдгээ харуулж
монгол түмнээ баярлуулсан билээ.