Эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн баг ДАШТ-ээс нэг хожил авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс нийслэлд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд баасан гарагт тодорно.
Өчигдөр эмэгтэй багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шилдэг найман баг тодорсон. Монгол Улсын эмэгтэй баг "С" хэсэгт Голландыг 11:10 оноогоор хожин, ДАШТ-ий анхны ялалтаа авч Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэх хожил гэдгээрээ онцлогтой юм.
Өмнөх тоглолтод Чехэд нэг оноогоор /14:13/ ялагдсан манай охид өчигдөр хөгжөөн дэмжигчдээ ийнхүү баярлууллаа. Эмэгтэйчүүдийн "С" хэсгээс Франц, Филиппиний багууд тэргүүлж, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон.
Манай эрэгтэй шигшээ багийн хувьд, өнөөдөр хоёр тоглолттой. Тухайлбал, Монгол - Гүрж
18:30, Монгол - АНУ 20:30 цагаас тоглох хуваарьтай байгаа. Д.Сүхбаатарын
талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус
бүр 20 баг аваргын төлөө өрсөлдөж байна.