Маргааш халз тоглох Монгол, Брунейн багууд хэвлэлийн бага хурал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-05 14:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Монголын шигшээ багтай тоглох Брунейн багийн тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.


"Холлидэй инн" /Holliday inn/ зочид буудлын хурлын танхимд болсон тус хуралд, Брунейн талаас Нидерланд улсын иргэншилтэй, дасгалжуулагч Робби Сервайс, багийн ахлагчийн хамт оролцсон бол Монголын талаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Герман улсын иргэн Майкл Вайсс, Монголын шигшээ багийн ахлагч Б.Гарьдмагнай нар оролцлоо.



Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Робби Сервайс: “Манай баг манайхтай уур амьсгал ойролцоо БНХАУ-ын Бээжин хотноо 7 хоногийн бэлтгэл хийгээд Улаанбаатарт ирлээ. Бээжинд их халуун байлаа.  Мөн тэнд нэг удаа нөхөрсөг тоглолт хийсэн. Бэлтгэл сургуулилт бүрэн хангагдсан. Монголын шигшээ багийг Сингапурын шигшээтэй тоглохыг харсан. Манай хоёр багийн хувьд, өөр өөр стиль, арга барил, сургуультай учраас нэлээд сонирхолтой тэмцээн болох болов уу гэж бодож байна. Миний хувьд, Брунейн шигшээ багтай 6 долоо хоногийн гэрээ хийсэн. Өмнө нь би Австралийн багтай ийм богино хугацааны гэрээтэй ажиллаж байсан туршлага бий. Монголын шигшээ баг ОУХБХ /ФИФА/-ны гаргасан чансаагаар манай багаас дээгүүр боловч бид өөрсдийн тоглох тактикаа боловсруулсан байгаа. Цаг агаарын хувьд, Монгол, Бруней орон тэс өөр учраас хүндрэл гарах магадлал байгаа. Гэхдээ бид 2:0-ээр хожихын төлөө тоглоно” хэмээн ярьсан юм.


Харин Брунейн багийн ахлагч: “Бид өмнө нь БНХАУ болон Монголд ирж тоглож байгаагүй. Харин энэ удаагийн тоглолт нь манай багийн хувьд бас нэгэн том шалгуур байх болов уу гэж бодож байна” гэлээ.



Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: “Бид энэ тоглолтод 2 жил бэлтгэсэн, маш сайн үр дүн гарна гэж итгэж байна. Манай баг эмч, дасгалжуулагчдын хамт Тайланд улсад хийсэн бэлтгэл их сайн болсон. Тамирчдын хувьд бэртэл, гэмтэл нь бүрэн илаарьшсан, маш сайн нөхөн сэргэсэн байгаа. Бид тоглоход бэлэн” гэв.


“Талын хөх чононууд” багийн ахлагч Б.Гарьдмагнай: Бидний бэлтгэл сургуулилт хийх бүх талын хангамж, боломж нөхцөлийг хангаж өгсөн Монголын хөлбөмбөгийн холбоондоо талархаж байна. Бид одоо тоглоход 100 хувь бэлэн байна. Бид өрсөлдөгч багаа хүндэлж байгаа ч ялна гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээн ярьж байв.



Дашрамд сонирхуулахад, “Талын хөх чононууд” баг 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт хийж байсан бол “Бруней Даруссалам” багийн хувьд 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүчээ сорьж байжээ. Брунейн шигшээ баг 1993 онд ОУХБХ-ны чансаанд 153-т бичигдэж байснаас хойш чансаа буурсаар өнөөдөр 194 дүгээр эрэмбэлэгджээ. Харин Монгол Улсын шигшээ баг жил ирэх тусам тоглолтын ур чадвар ахиж байгаа бөгөөд өнөөдөр 187 дугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.


Энэхүү тоглолтыг 4 жил хүлээсэн төдийгүй манай шигшээ багийн 23 тоглогч, 200 гаруй албаныхан, 5 мянга гаруй хөлбөмбөгийн дасгалжуулагч, тоглогчид хичээл зүтгэлээ шингээсэн гэж болно.


Улаанбаатарын тоглолтын энгийн тасалбар нь 10 мянган төгрөг, ВИП тасалбар нь 30 мянган төгрөгөөр худалдаж байна.  Хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл бэлдэх сэтгүүлчдэд сурвалжлах эрхийн мандат олголоо.  

 

 

相关新闻