Монгол улс анх удаа спорт авиралтын ханатай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын хана барих шав тавих ёслол өнөөдөр орон нутагт боллоо.
Энэхүү авиралтын ханыг Говь-Алтай аймгийн Тонхил суманд байрлуулахаар болсон байна. Тус авиралтын хана барих ажлыг уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийнхэн санаачлан зохион байгуулж, гүйцэтгэх компаниар “Нягт холбоо” ХХК-ынхан ажиллаж байгаа аж. Спорт авиралтын хананы шав тавих ёслолд “Сутайн бор” клубийг төлөөлж Ерөнхий захирал, уулын спортын мастер Х.Нямдоо, Тонхил сумын дунд сургуулийн захирал, уулын спортын мастер Д.Ганчулуун, уулын спортын мастер Л.Алтанцэцэг, уулын спортын I зэрэгтэй тамирчин Б.Одмандах нар оролцжээ.
Энэхүү байгууламж нь олон улсын стандартад нийцсэн байх
бөгөөд гурван ээлжээс бүрдэх юм. Эхний ээлжинд спорт авиралтын хурдны хос зам,
техникийн авиралтын хана баригдана. Хоёрдугаар ээлжинд боулдрингын хана,
нэмэлт зарим тоноглол, тохижилтын ажил хийгдэх бол гурав дахь ээлжинд мөсөнд
авиралтын хурд болон техникийн хана барихаар төлөвлөөд байгаа аж. Уулын спортын энэ төрөл нь Токиогийн зуны олимпын төрөлд албан ёсоор багтаад байгаа билээ.