Халзан-Уулын рашаан сувилал үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг Халзан-Уулын рашаан сувилал тавдугаар сарын 27-ноос эхлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.
Улаанбаатараас 300 гаруй км, сумын төвөөс баруун хойш 45 км-т буй Халзан-Уулын рашааныг 1980-аад онд Оросын геологичид хэд хэдэн гүний өрөмдлөг хийж нөөц найрлагыг тогтооход цооногоос оргилон байдаг гайхалтай хийн амьсгалтай, хүйтэн рашаан байгааг тогтоосон байдаг.
Анагаах ухааны салбарын эрдэмтдийн шинжилгээ судалгаагаар рашаан нь төрөл бүрийн өвчин анагаах чадалтай гидрокарбонат кальц, хлорт натри, нүүрс хүчлийн хий болон цацраг идэвхт радон мэт 19 төрлийн химийн элемент агуулсан.
Тэр тусмаа чихрийн шижин өвчнийг эмчлэхэд гойд сайн юм. Долоо хоног бүрийн даваа гарагт үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг бөгөөд Улаанбаатарын сувилуулагчид Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 13.00 цагийн автобусаар Говьсүмбэр аймгийн Шивээговь буюу төмөр замын 22 дугаар зөрлөг хүртэл зорчиход сувиллын машин тосч авах боломжтой.
Дорноговьд байгаа сувилуулагчид аймгийн ЭМГ болон Уламжлалт анагаах ухааны эмнэлгээс илгээх бичгээ авч харьяа дүүргийн өрхийн эмчээр бичилт хийлгэх ёстой бол Улаанбаатарын үйлчлүүлэгчид дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн эмчээр бичилт хийлгэнэ.
Сувилал нэг ээлжиндээ 60 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Уламжлалт анагаах ухааны заслууд, сэргээн засах эмчилгээний аргуудыг хослуулж сувиллын тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Магадлан итгэмжлэгдсэн тул "Ахмад настны нийгмийн хамгааллын
тухай хууль", Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай
хуулийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнийн хөнгөлөлт
үзүүлдэг.