Баянхонгорын нийт хүн амын 36 хувь нь хүүхэд багачууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-02 22:51:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярыг Баянхонгорчууд тамхигүй, автомашингүй өдөр болгон тэмдэглэлээ.

Баярын арга хэмжээний нээлтэд аймгийн удирдлагууд оролцож, 300 хүүхдэд баярын бэлэг гардуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв, Гуравдугаар цэцэрлэгийн багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхов. Хүүхдийн баярын арга хэмжээг аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-аас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдийн өөрийн хөгжил оролцоог дэмжсэн олон төрлийн өртөөг зохион байгуулалтад оруулан ажиллуулжээ. 

Баянхонгор аймаг 87 мянга гаруй хүн амтай бөгөөд 36.1 хувийг нь хүүхэд эзэлж байна. Аймгийн ИТХ-ын 2018.05.02-ны 37 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг баталж, хүүхдэд ээлтэй орон нутаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах, ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах дэд төслүүд амжилттай хэрэгжиж байгаа юм.

Мөн Баянхонгор аймгийн ИТХ-аас 2019 оныг “Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил" болгон зарлаж, энэ хүрээнд хүүхдэд ээлтэй засаглал, өрх, нийгмийн үйлчилгээний чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүүлж байна. Энэ хүрээнд “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг ДЗОУБ Баянхонгор-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулжээ. 

Тус аймаг жилийн ажлын хүрээнд "Хүүхдээ сонсох өдөр"-ийг сар бүрийн эхний 7 хоногийн пүрэв гарагт зохион байгуулж хэвшсэн бөгөөд гарсан саналуудын шийдвэрлэлт 85-аас дээш хувьтай байна.

相关新闻