Цөмийн хаягдлыг импортлохыг хориглох хуулийн төсөл санаачлах болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад асуудлыг хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдаанаар ямар байр суурьт нэгдсэн талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийсэн юм. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх Цөмийн хаягдалтай холбоотой асуудлаар улстөржиж эхэлсэн ч Засгийн газар эгүүлэн татах шаардлагагүй, харин шинэ хуулийн төсөл оруулж ирэх нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Аливаа түлш болон цацраг идэвхит хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, дээрх асуудалтай цуг батлуулах нь зөв гэж үзэж байгаа аж. Ингээд энэ талаар Засгийн газарт чиглэл өгч, Засгийн газар дээрх хуулийн төслийг өнөөдөртөө багтаан өргөн барих болж байгааг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлж байв. Мөн Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсны дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэхийг хэлэлцэнэ гэлээ. Харин хэрэв МАН-ын гишүүд асуудлыг хэлэлцэх үеэр хуралдаанд ирэхгүй бол цацраг идэвхт бодисыг оруулж ирэхийг дэмжиж байна гэж үзэх магадлалтай гэсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Монгол Улс бол цөмийн зэвсэгтэй хоёр орны дунд байгаа. Энэхүү хуулийн төслийг баталснаар энэ чиглэлийн бүхий л мэдээллийг бид авдаг болно. Мөн боловсон хүчнээ бэлтгэдэг болох юм. Ингэснээр цөмийн аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг хангах боломжтой болно. УИХ-аас тогтоол гараад, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр конвенцид нэгдэн орох хуулийн төслийг өргөн барьсан. Соёрхон батлах асуудлууд байгаа болохоос ээлжит бус чуулганыг ашиглаад цөмийн хаягдлыг импортлох гэж байна гэх ташаа мэдээлэх нь зохимжгүй юм” гэлээ.
Мөн “Энэхүү конвенцид нэгдэн орсноор Ерөнхийлөгчийн зарлигийг хууль болгон батална. Манай бүлгээс Ерөнхийлөгчийн зарлигийг хуульчилж, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор цөмийн хаягдал болон түлшийг оруулж ирэхгүй байхыг баталгаажуулъя гэдэг дүгнэлт гаргалаа. Ингэхгүй бол одоо улсын байцаагч зөвшөөрөхгүй бол импортолж болохгүй, улсын байцаагч зөвшөөрөх юм бол импортолж болох юм шиг заалт байгаа учраас хууль болгоод илүү хамгаалалт хийж, холбогдох олон улсын гэрээ конвенцид нэгдэн оръё гэсэн” гэсэн юм.
Н.Гантуяа