"Starlink" системийн 60 хиймэл дагуулыг хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-05-24 15:00:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Starlink” төслийнхөө 60 хиймэл дагуулыг пүрэв гарагт сансарт хөөргөсөн тухайгаа Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн “SpaceX” компани твиттер хуудсандаа мэдээлжээ.


Хиймэл дагуулуудыг Флорида муж улсын Канаверал хошуун дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазаас “Falcon 9” зөөгч пуужингаар Америкийн Зүүн эргийн цагаар 22 цаг 30 минутад хөөргөсөн байна.


“Starlink” бол дэлхийн оршин суугчдыг өндөр хурдны интернэтээр хангах хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулын сүлжээ юм. 2018 оны хоёрдугаар сарын 22-нд “SpaceX” компани “Tintin-A” болон “Tintin-B” хэмээх туршилтын хоёр хиймэл дагуулыг тойрог замд оруулснаар 2015 онд боловсруулсан уг төслийг бодитоор хэрэгжүүлж эхэлжээ. Илон Маск нийтдээ 12 мянга орчим хиймэл дагуул хөөргөж, тойрог замд байрлуулахаар төлөвлөсөн байна.


Төслийн хэрэгжилтийн эхний үе шатанд 800 хиймэл дагуулыг хөөргөх бөгөөд үүнд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. “SpaceX” компанийнхны тооцоолсноор, бүх хиймэл дагуулыг тойрог замд байрлуулах болон ашиглалтад оруулахад 10 тэрбум ам.доллар шаардагдах гэнэ.


相关新闻