Дундговь аймгийн банкууд өдөрлөгөөрөө хөгжлийн түүхээ таниуллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. “Банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой”-г угтан зохион байгуулж байгаа 6 сарын аяны хүрээнд Монгол банк, ХААН, ХАС, Төрийн банкны Дундговь аймаг дахь салбарууд өнөөдөр өдөрлөг хийж, банкны хөгжлийн түүх, цаасан болон зоосон мөнгө, цахим гүйлгээний хөгжлийн талаар танилцуулсан сонирхолтой үйл ажиллагаа С.Буяннэмэхийн талбайд боллоо.
Ямар нэг өдөрлөг, нээлттэй хаалганы
өдрөөр байгууллагууд ихэвчилэн үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд мэдээлэл
өгөх байдал уламжлал болсоор удсан. Тэгвэл өнөөдрийн энэхүү өдөрлөг банкны салбарын түүхэн хөгжлийг харуулж, үзэсгэлэн гаргаж
танилцуулснаараа иргэдэд илүү ойлгомжтой, сонирхолтой байж чадсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн
ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, банкны үе үеийн ажилтнууд, иргэд оролцжээ.
Монгол банкны Дундговь дахь салбарын
захирал Б.Оюунцэцэг Монгол банкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр банкны салбарын 95
жилийн ойг угтан орон даяар энэ оны нэгдүгээр сараас эхлэн 6 сарын хугацаатай аян
эхлүүлж, аяны хүрээнд нийт харилцагчид, хадгаламж эзэмшигчид, иргэд болон банкны салбарын ажилтнууд руугаа чиглэсэн
сургалт сурталчилгааны олон олон ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирснээ
танилцуулсан юм.
Дундговь аймагт банкны салбар
1940-өөд онд үүссэн бөгөөд энэ үед гаргаж байсан анхны баланс, түүнд Монгол
банкны Ерөнхий хорооноос ирсэн хариу тайлбар, тухайн үед сейфны зориулалтаар
хэрэглэж байсан модон авдар, тэр үеийн цоож, лац, банкны анхны дарга Ч.Гочоосүрэн,
анхны ерөнхий нягтлан бодогч Г.Готовдорж нарын танилцуулга, тэдний ажиллаж байх үедээ авч байсан
шагналууд, арилжааны банкуудын теллерийн мөнгөө хадгалдаг авдар, гүйлгээг шивж
байсан анхны машин, арай сүүлд гарсан бичгийн машин, орос сампин, өмнө нь
ашиглаж байсан тамга, анхны тооны машин гээд банкны түүхэн хөгжлийг харуулсан
үзмэрүүдийг гэр барьж байрлуулсан байлаа. Тэр үед мөнгө хадгалдаг авдраа гадна талаар нь битүү ширлэж, доор нь элс хийж хүндрүүлэн ашигладаг байжээ.
Мөн Сайнцагаан сумын 7-р багийн иргэн
Н.Батсүхийн цуглуулсан үндэсний мөнгөн тэмдэгтийн цуглуулгаар нэг гэрт
үзэсгэлэн гаргаж танилцуулсан бөгөөд Монгол банкнаас түүнд өөрт нь байхгүй
мөнгөн тэмдэгтүүдээр хийсэн цуглуулгыг дурсгал болгон гардууллаа.
Банкны салбарын өдөрлөгийн энэ үйл
ажиллагааг Монгол банкны салбар, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны
банкууд аймгийн Музейтэй хамтран зохион байгуулсан ажээ.