Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймаг хүртэлх автозамын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126.7 км авто замын ажил эхэллээ.
Авто замын ажлын нээлтэд Зам тээврийн яамны сайд тэргүүтэй төр засгийн төлөөлөл, холбогдох албаныхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд оролцсон байна.
Баруун таван аймгийг холбох хэвтээ тэнхлэгийн энэ замын гүйцэтгэгчээр үндэсний тэргүүлэгч компанийн нэг "Макс рөүд" ХХК концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж, ийнхүү ажлаа эхлүүллээ. Компанийнхан хэлэхдээ, хүчин чадлаараа ажиллаад энэ онд 70-аас дээш км замыг барьж, 2020 онд бүрэн холбоно гэв.
Ингэснээр баруун аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, баруун бүсийн 300-400 мянга гаруй иргэд ая тухтай зорчих боломжтой болох юм.