Иргэд мэргэжлийн үнэмлэхтэй хүнээр хүүхдээ харуулах сонирхолтой болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-13 23:20:43

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт зургаан сумын долоон нэгж төвд хүүхэд харах үйлчилгээг эрхлэн явуулж байна. Эдгээр нэгжүүдэд нийт 55 иргэн ажиллаж одоогийн байдлаар 146 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байна.
Хүүхэд харах үйлчилгээг стандартын дагуу тохижуулсан анги танхимд үзүүлж байгаа бөгөөд зарим иргэн гэрээр энэхүү үйлчилгээг эрхэлж байна. Хүүхэд харах үйлчилгээг үзүүлэх эрх бүхий иргэд нь өнгөрсөн жилээс эхлэн сургалтад сууж сертификат авсан ба 27-42 насны эмэгтэйчүүд байгаа ажээ.

2017 оноос хойш аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд харах үйлчилгээг үзүүлж буй иргэдэд нийт долоон удаагийн сургалтыг хийжээ. Мөн энэхүү үйлчилгээг үзүүлж буй иргэн болон аж ахуйн нэгж байгууллагуудад аймгийн ГБХЗХГ-аас холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж хамтран ажиллаж байгаа ажээ. Харин Улиастайд хүүхэд гэрээр харах үйлчилгээг 37 эмэгтэй үзүүлж байна. Энэ тоо нь албан бус тоо юм. Иргэд танил тал, зарын дагуу хүүхэд харах үйлчилгээг авдаг байсан бол одоо үнэмлэх сертификаттай иргэдээр хүүхдээ харуулах сонирхолтой болж байгаа нь сайн талтай гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв. 

相关新闻