Их найрагч Ц.Гайтавын 90 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арц Богдын хүү, ард түмний хайртай найрагч Цэвэгмэдийн Гайтавын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна.
Их зохиолчийн уран бүтээл, алдар гавьяаг мөнхжүүлэх, хойч үед сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачууд, ардын авьяастнуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор “Уран уншлагын аймгийн уралдаан”-ыг “Үндэсний бичиг үсгийн өдөр”-өөр зохион байгууллаа.
Уралдаанд 40 орчим уран уншигч оролцож, түүний уран бүтээлийг дээжлэн үзэгч олноо хүргэсэн бөгөөд тэргүүн байрыг насанд хүрэгчдээс Есөнзүйл сумын оролцогч Б.Бат-Эрдэнэ, өсвөр насны уран уншигчдаас Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Ө.Оюунтунгалаг нар тус тус эзэллээ.
Их зохиолчийн уугуул нутаг Богд сумын ЗДТГ-аас түүний мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, МЗЭХ, МҮОНРТ-тэй хамтран зохиолчийн амьдрал, уран бүтээлийн замналаар дурдатгалын ном бүтээх, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, Богд сумын ЕБС-ийн сурагчдын уран бүтээлийг сурталчлах зэргээр ажиллаж байна.