“Мон Алтиус” БТДС-ийн сагсан бөмбөгийн баг Азийн оюутны аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Кинмень хотноо болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд ур чадвараа сорьсон Монгол Улсын "Мон Алтиус" Биеийн тамирын дээд сургуулийн эрэгтэй баг аваргын алтан медаль хүртлээ.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн бөгөөд тав дахь удаагийн тус тэмцээнд эрэгтэй баг “А” хэсэгт БНСУ, Хонконг, Малайз, Тайванийн багтай багтсан юм. Тэд Малайз, Хонконг,, БНСУ-ын багийг хожиж, Тайванийн багт /17:16/ нэг оноогоор хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан.
Улмаар манай баг өнөөдөр /2019.05.11/ Индонезийн багийг хожин аваргын төлөө Тайванийн FJCU багтай дахин тоглов. Энэхүү тоглолтод “Мон Алтиус” БТДС-ийн залуус өрсөлдөгчөө 20:12-оор хожиж Ази тивийн аварга баг боллоо. Хүрэл медалийг Индонезийн баг хүртсэн байна.