“Эв нэгдэл-Эрч хүч” нөхөрсөг тэмцээн волейболын төрлөөр эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулж буй “Эв нэгдэл-Эрч хүч” нөхөрсөг наадам волейболын тэмцээнээр эхэллээ.
Энэ тэмцээн наадам нь биеийн тамир, спортын салбарын төрийн захиргааны, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг өрнүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх зорилготой. Тус тэмцээн наадам 2019 оны тавдугаар сарын 08-10-нд Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулах бөгөөд дараах төрлөөр шилдгүүдээ тодруулах юм.
Тодруулбал, Хөгжөөнт буухиа- Эрэгтэй 3, эмэгтэй 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Волейбол- Холимог баг нь эрэгтэй 3 хүн, эмэгтэй 3 хүн, сэлгээний 2 тамирчнаас бүрдэнэ. Сагсан бөмбөг- Холимог баг нь Эрэгтэй 3 хүн, эмэгтэй 2 хүн, сэлгээний 2 тамирчнаас бүрдэнэ.
Нөхөрсөг тэмцээнд Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо, Багахангай, Багануур, Баянгол, Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо гэсэн 11 байгууллагын албан хаагчид оролцож байна.