Хамтран ажиллах гэрээ байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт
ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд болон төрийн
байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Ашигт малтмал, уул
уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт-2019” зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-аас 2016-2020
онд төрөөс ашигт малтмалын талаар хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг танилцуулж, компаниудын
нийгмийн хариуцлагыг дэшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ойлголцолд
хүрч, саналаа солилцжээ.
Зөвлөгөөнд ашигт малтмалын тусгай
зөвшөөрөл эзэмшигч 35 аж ахуйн нэгжийн 56 төлөөлөгч болон орон нутгийн мэргэжлийн
байгууллагын удирдлагууд, салбар хариуцсан мэргэжилтэн, сумдын Засаг дарга нийт
78 төлөөлөгч оролцсон ажээ.
Тус зөвлөгөөний үр дүнд ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах
гурвалсан гэрээг тавдугаар сарын 15-ны дотор байгуулах шийдвэр гарчээ.
Дундговь аймагт шатдаг занар, нүүрс, жонш, уран, хүдэр,
гөлтгөнө, алт гээд 33 нэр төрлийн ашигт малтмалын илэрц судлагдсан бөгөөд 11
сумын нутагт ашиглалтын 98 тусгай зөвшөөрөлтэй газрын 73 аж ахуйн нэгж
бүртгэлтэй байдаг.
Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар нь аймгийн нийт нутаг
дэвсгэрийн 15 хувийг эзэлдэг ажээ.