Гуч гаруй мянган мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-01 11:10:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Дорноговь аймаг энэ жил 35000 мод тарихаар төлөвлөжээ.

Мод тарьж арчлахтай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, БОАЖГ-ын дарга, Сайншанд сумын Засаг дарга, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын дарга болон бусад холбогдох албан тушаалтанд  үүрэг чиглэл өгсөн байна. 

Тарихын хажуугаар тарьсан модоо арчлах, ургуулах, байнгын усалгаатай болгох, мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг дэмжиж өргөтгөх, хотын ногоон байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах, шинээр модны хашлага модны сав хийх чиглэлээр санаачилга гаргаж үр бүтээлтэй ажиллахыг даалгав.

Мөн хур хог хаягдлыг цэвэрлэж, шуудууг сэргээн засварлах, бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэж, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах төдийгүй дээрх ажилд шаардлагатай хөрөнгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас санхүүжүүлж хэрэгжүүлэхээр болов.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулж Сайншанд сумын алба байгууллага модны нүх ухах, мод тарих бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  

相关新闻