Будапешт хотноо Монгол судлалын олон улсын хурал үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-29 16:53:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын Будапешт хотноо Монгол судлалын олон улсын хурал үргэлжилж байна. 

Монгол Улсын ШУА-ын нийгмийн шинжлэх ухааны 4 салбар хүрээлэнгийн гурван  захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгч, ЕНБД, МУИС, МУБИС, ШУТИС, СЭЗДС, хөгжим бүжгийн консерватори зэрэг бараг бүх их сургуулийн төлөөлөл, архивын ерөнхий газар, стратеги судалгааны төв зэрэг төрийн байгууллага, Гандантэгчинлэн хийд, Зүүн хүрээ хийд зэрэг шашны байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн  Унгар, Польш, Эстон, ОХУ, Швейцарь, Герман, Япон, Франц, АНУ, Канад, Австри, Чех, БНХАУ-ын монгол судлалын төвийн эрдэмтэд өргөнөөр оролцсон томоохон хурал болж байгаа аж. 


Хурлын үеэр, олон сонин илтгэл хэлэлцүүлж байгаа аж. Тухайлбал, Унгар улсын Хопп Ференцийн Азийн урлагийн музейд 1962 онд бэлэглэсэн Д.Амгалан гуайн "Ээжээ сайн байна уу" зураг, А.Сэнгэцохио гуайн монгол зургууд байдгаас гадна Өндөр гэгээний хийцийн 6 бурхан байдаг гэж ЭЛТЭ Их сургуулийг докторант Б.Шүр илтгэлдээ дурджээ. Мөн БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн докторант Н.Саруул "Тавдугаар дүрийн Богд Живзундамба хутагтыг Төвдөөс тодруулсан үйл явц, Манжийн төрийн бодлого" илтгэл олны анхаарал татсан байна.


Мөн 8 дугаар Богдын түмэн өлзий гийсний 25 жилийн ойд зориулан 1893 онд Оросын Санкт Петербургт хэвлэсэн зургийг ч анх удаа олонд толилуулсан нь сонирхол татжээ.

相关新闻