Сувилагчид олсон орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-25 18:07:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Олон Улсын сувилагчийн өдрийг угтан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" аяныг “Инээмсэглэл Эерэг хандлага” уриан дор зохион байгуулж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд сувилагчдын оролцоог нэмэгдүүлж, иргэдэд эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх зорилготой тус аяны хүрээнд сувилагчид айл өрхүүдээр зочилж, зөвлөгөө мэдээлэл өгч, гэрийн сувилахуйг хүргэж байгаа юм. Мөн ажлын байр, онол, дадлагад үндэслэсэн эрүүл мэндийн зөвлөгөөг боловсруулж, цахим хуудсуудаар дамжуулан олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа ажээ.

Мөн “Эерэг хандлага - Эелдэг харилцаа” уриатайгаар 200 гаруй залуу эмч, сувилагчийг хамруулсан чуулга уулзалтыг зохион байгуулсан ба  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд аймгийн төв хаалга, Дэлгэрэх булаг, Онгийн голын орчмын хогийг цэвэрлэн, аргал түүж, хоёрдогч түүхий эдийг цуглуулан худалдаж, олсон орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй болон асаргааны хүнтэй 20 гэр бүлд эд материалын болон мөнгөн тусламжийг үзүүлж, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь төлөх зэргээр нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

相关新闻