“Бид төлчин” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 21:33:18

Өмнөговь аймгийн Сэврэй суманд “Бид төлчин” аянг 3 дугаар сарын 19-нөөс нэг сарын хугацаатай зарласан байна. Энэхүү аяны хүрээнд сумын нийт айл өрхүүд болон албан байгууллагууд хариу нэхээгүй тусламжийг малчиддаа үзүүлэхээр зорьж байгаа аж.

Энэ сарын 19-20-ны амралтын өдрүүдээр 25 хүн хоёр малчин өрхийн очиж хаврын их ажилд нь туслаад ирсэн байна. Тэд бүл хүч муутай, мал ид төллөж байгаа Сайншанд багийн малчин Б.Мөнхжаргал, Бүйлсэн багийн малчин Д.Мөнх-Оргил нарын гэр бүлд очиж хонинд явах, гэр зөөж барих, ишиг тавих, ингэ саах, хашаа хороог нь засаж сэлбэх, хотны чулуу түүж хог цэвэрлэж гортиг татах зэрэг ажил хийж нэг машин өвс хүргэж өгчээ.

Мөн энэ аяныхаа хүрээнд сумын төвийн ажилгүй 20 иргэнийг бүл хүч муутай 20 айлд тав хоногийн хугацаатай мал төллүүлэх ажилд нь туслуулахаар болоод байгаа аж. “Бид малчиддаа эд материалын болоод сэтгэл санааны дэм өгөх, өөрсдийн хүч хөдөлмөрөөр туслах энэхүү ажлыг зохион байгуулж байна” гэж Сэврэй сумын Засаг дарга Батсайхан ярилаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻