Жүжигчин Ц.Баясгалан Европыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан энэ сарын 23-нд Румынд, тавдугаар сарын 9-нөөс 15-нд Македонд болох өндөр зэрэглэлийн уралдаант фестивальд оролцохоор Европыг зорилоо. Энэ фестивальд олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн жүжигчин, урлаг судлаач, шүүмжлэгч оролцдог аж.
Ц.Баясгалан "Эдит Пиаф" жүжгээрээ оролцоно. Нина Мазурын "Эдит Пиаф" жүжгийг 2013 онд найруулагч МУУГЗ Б.Баатар найруулан УДЭТ-ын тайзнаа тавихад жүжигчин Ц.Баясгалан ганцаарчлан тоглож, энэ дүрээрээ Оросын Холбооны Улсын "Golden Gate”, Киргизийн "Импульс", Германы Ганновер хотын "Мост", Косово улсад зохиогдсон "Моно Акт" зэрэг фестивалиуд, АНУ-ын "Медисон стрийт" театрын урилгаар тус тус тоглож байв.
Мөн 2014 онд Косовод ЮНЕСКО-гоос зохион байгуулсан олон улсын нэг хүний жүжгийн "МоноАкт" фестивалиас Гран при шагнал, Оросын "Golden Gate” фестивалиас "Хааны болор малгай" цом хүртсэн юм.