Өвөрхангай аймагт нийтийн сонсголыг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-21 11:17:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2018 онд аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын талаар Нийтийн сонсгол хийлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль болон журмыг батлан гаргасан. Хэдийгээр эрхзүйн орчин бүрдсэн ч тус хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд хангалтгүй байсаар ирсэн юм. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ИТХ-аас “Чадваржсан иргэн-Тогтвортой амьжиргаа” төслийн санхүүжилтээр аймгийн Төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран тус үйл ажиллагааг 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Нийтийн сонсгол хийхтэй холбогдуулан сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарыг сургалтад хамруулж, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын тэргүүн, докторант Ч.Сосормаа нар нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой дүрэм журам, олон улсын жишиг, иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар баг, сум, аймгийн түвшинд хэрэгжүүлэх заавар, чиглэлийг өгсөн юм.

Нийтийн сонсгол нь төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах  үр дүнтэй арга хэрэгсэл бөгөөд ИТХ, ЗДТГ-аас чиг үүргээ хэрэгжүүлж буй ажил гэхээс илүү иргэдийн эрх ашгийг хангаж байгаа суурь зохицуулалт гэдгийг сургагч багш нар хэлэв.

Энэ удаагийн нийтийн сонсгол нь анх удаа зохион байгуулж буй ажил тул туршлага дутах тал байсан ч бусад аймагт загвар болохуйц хэмжээнд хийлээ хэмээн сургагч багш нар үнэлсэн юм. Цаашид нийтийн сонсголыг уламжлал болгон хэвшүүлж, нийтийн тээвэр, агаарын бохирдол гэхчлэн нийтэд тулгамдаж байгаа асуудлаар сонсгол зохион байгуулан иргэдийн санаа бодол, байр суурийг тодорхойлж, бодлогын баримт бичгүүддээ тусгана хэмээн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэллээ.

相关新闻