Жюү жицүгийн ДАШТ-д оролцох багийн хамгийн бага нь 6 настай
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр МҮОХ-ны байранд жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо.
Энэхүү 11 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод дөрөвдүгээр сарын 20-26-нд болно. Абу Дабигийн ДАШТ-д хүч үзэх багийн бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн тамирчид мөн насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ, Ази, Дэлхийн цомын медальтнуудаас бүрдсэн шилдгүүд багтжээ.
Монголын баг тамирчдыг үдэх ёслолд насанд хүрэгчдийн багийн ахлагч С.Жавхлан, өсвөрийн багийн ахлагч, МЖЖХ-ны дэд ерөнхийлөгч Д.Бадрах нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгсөн юм. Энэ жилийн ДАШТ-д мастерс ангилалд 5 тамирчин, өсвөрийн ангилалд 33 тамирчин 4 дасгалжуулагч, насанд хүрэгчдийн ангилалд 17, нийтдээ 55 тамирчин Абу Даби хотыг зорих юм. Багийн эхний ээлж болох өсвөрийн тамирчид маргааш эх орноосоо мордоно.
Жюү жицүгийн өсвөрийн ДАШТ-ий охидын тэмцээн энэ сарын 21-нд болно. Харин 22-нд өсвөрийн эрэгтэй бөхчүүд Абу Дабигийн дэвжээнд барилдах бол 23-нд Мастерсын ДАШТ, 24-26-нд насанд хүрэгчид ДАШТ-д хүчээ сорих хуваарьтай. АНЭУ-аас тэмцээнийг Зохион байгуулах хорооноос жил бүр фестиваль явуулдаг уламжлалтай. Энэ фестиваль энэ сарын 27-нд болох аж. АНЭУ-ын хувьд жюү жицүгийн спортыг өндөр түвшинд хөгжүүлсэн. Абу Даби хотын Мубадала Аренад зохион байгуулах мэргэжлийн жиү жицүгийн ДАШТ-д 100 гаруй улсын тамирчид оролцохоо мэдэгджээ.
Өнгөрсөн жил манай улсын жюү жицүгийн өсвөрийн 27 тамирчин ДАШТ-д өрсөлдөж, бүгд медалийн тавцанд зогссон бахдам амжилтыг үзүүлсэн билээ. 2018 онд Монголын жюү жицүгийн баг тамирчид олон улсын чансаатай томоохон тэмцээн уралдаанаас 199 медаль хүртжээ.
Монголын жюү жицүгийн холбоо энэ оны 7 дугаар сард Ази тивийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах юм.