Ц.Оюунбаатар: "Харвони" эмийг даатгалд оруулахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-23 14:00:45

Монгол Улсын Шадар сайд өнөөдөр сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд мэдээллийн эхэнд 2016 он бол "Хэрэглэгчийн жил" гэдгийг тодотгоод энэ зорилтыг хэрэгжүүлэхэд 3 сая иргэний оролцоо их. Өмнөх жилүүдэд хэрэглэгчийн эрх ашгийг мэргэжлийн хяналтын байгууллага хангаж ажилладаг байсан бол одоо иргэд хяналтаа тавьж, өөрсдийн оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бололцоотойг онцлов.

Мөн тэрбээр өвлийг өнтэй давсан ч ойрын өдрүүдэд шар усны үер, хээрийн болон ойн түймэр дэгдэх магадлал өндөр байгаа тул ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг шат шатанд хүргэж байгаа. Тухайлбал, Булган, Дорнод зэрэг аймагт хээрийн гал түймэр гарсныг онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран унтраасан. Ойн түймэр гарч болзошгүй байгаа тул Австри, Солонгос улсаас гал унтраах багаж хэрэгсэл нийлүүлээд байна гэлээ.

Одоогийн байдлаар Эрүүл мэнд, спортын сайдын албыг Шадар сайд хашиж буй. Иймд ЭМС-ын сайдын хүрээнд хийж буй ажлынхаа заримаас энэ үеэр тайлагнасан. Сүүлийн үед томуу, томуу төст өвчин, улаан бурхан дэгдсэн тул эмнэлгийн байгууллагуудын ачаалал ихсэж байна. Өдөрт 300 гаруй иргэд ХСҮТ-д хандаж байгаагаас 40-60 хүнд онош тогтоож, хэвтэн эмчлүүлж байна. Үүний зэрэгцээ 18-30 насны өмнө нь вакцин хийлгээгүй залуусыг вакцинжуулах ажлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Улс орноороо вакцинд хамрагдвал энэхүү дэгдэлт буурна гэж үзэж байгаа аж.

Үүний зэрэгцээ хепатит С вирүсийн халдварыг эмчлэх "Харвони" эмийг 1000 гаруй хүн хэрэглэсний 90 гаруй хувьд нь нааштай үр дүн гарсан. Гэхдээ хүссэн хүн бүр энэ эмийг авч чадахгүй байгаа тул даатгалд хамруулхаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэж Шадар сайд хэллээ.

Үүний дараагаар сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар тодруулга авсан.

-Эрүүл мэнд, спортын сайдын томилгоо хаанаа гацаад байна вэ. Хэзээгээр салбарын сайдыг томилох вэ?

-Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог хаврын чуулганаар шийднэ. УИХ-ын чуулганаар сайдын томилгоог шийддэг. Ямар ч байсан эрүүл мэндийн салбарт доголдол гаргахгүй, хариуцлага сахилгыг өндөржүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Өмнө нь таныг Эрүүл мэнд, спортын сайдаар, Н.Энхбаярыг Шадар сайдаар томилно гэсэн асуудал яригдаж байсан. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээр өөр хувилбар яригдаж байгаа юу?

-Эрүүл мэнд, спортын сайдыг өргөн барих асуудал яригдаж байгаа. УИХ-ын чуулган ирэх сарын 4–нд эхэлсэн үед асуудал шийдэгдэх байх.

-Улаанбурхан өвчнөөр 10-аад хүүхэд өөд болсон гэж яригдаж байна. Зарим тохиолдолд үүнээс ч олон хүүхэд нас барсан гэж ярьж байгаа. Энэ асуудалд ямар тайлбар хийх вэ?

-Одоогоор энэ өвчнөөр 10-аад хүүхэд өөд болоод байна. Үүнээс олон хүүхэд нас барсан гэх яриа бол ташаа мэдээлэл. Манай эцэг эхчүүд хүүхдээ их хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандаж байна. Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдүүд эндсэн тухай одоогоор нотлогдсон зүйл алга. Гэхдээ тохиолдол бүрийг шалгах үүрэг өгсөн. Эмч нар уртасгасан цагаар ажиллаж байна. Ачаалал их байгаа тул бусад мэргэжлийн эмч нарыг ч мөн татан ажиллуулж байгаа.

-Улаанбурхан өвчний вакцинжуулалтад нэг тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн үү?

-Засгийн газрын түвшинд асуудлыг шийдсэн. Энэ мөнгөтэй холбогдуулж хэлэхэд, зарим нэг буруу ойлголт яваад байна. Хүндэрсэн хүүхэд, өвчтөнүүдэд тарилга хийх юм шиг ойлгоод байна. Энэ вакциныг 18-30 насныханд тарих юм. Өөрөөр хэлбэл, энэ насныхан ийм төрлийн вакцинд огт хамрагдаагүй. Иймээс өөрсдөд нь ямар нэг өөрчлөлт мэдрэгддэггүй, тээгч хэлбэрээр байгаад байдаг.

Дэгдэлттэй холбогдуулж ДЭМБ-тай ярьж байна. Хорио цээр тавих асуудлыг хөндөхөд тэднийг зүгээс олон оронд улаан бурхан дэгдэж байгаа учраас хорио тавих шаардлагагүй. Үүний оронд тараагчийг олж тогтоож, эрүүлжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Тиймээс цэргийн албан хаагч, их дээд сургуулийн оюутнуудыг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

 

相关新闻