2021 он гэхэд 21 аймагт таван чиглэлийн парк байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-23 13:12:18

МАН-аас боловсруулаад буй “21:100” үйлдвэржилтийн бодлогыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

“21:100” үйлдвэржилтийн бодлого гэж нэрлэсэн учир нь 2021 оноос өмнө 21 аймагт хөнгөн үйлдвэрийн парктай болно гэсэн санааг илэрхийлж байгаа аж. 100 гэдэг тооны учир нь 2021 онд Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой болно. Энэ ойгоос өмнө импортыг орлох 100 нэр төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг улс болно гэсэн утгатай болохыг тэрбээр мэдээллийн эхэнд тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 88 хувийг импортоор, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг. Дотооддоо үйлдвэрлэж буй 12 хувийн бараа бүтээгдэхүүнд мах, төмс, гурил зэрэг ордог. Гэтэл Монгол Улс нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг атал 2014 онд 56 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортоор авсан зэрэг тоон үзүүлэлтэд түшиглэн уг бодлогыг боловсруулсан гэнэ.

Уг бодлогыг хэрэгжүүлэхэд 500 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах ба тэр хэрээр олон тооны ажлын байр шинээр бий болно. Ийнхүү 2021 он хүртэл 21 аймагт үйлдвэрлэлийн парк байгуулахдаа тухайн аймгийн онцлогийг харгалзан үзэхээр бодлогодоо тусгажээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

相关新闻