Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолт Монголын шигшээгийн тоглолтоор эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-12 13:55:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ОХУ-2018” хөлбөмбөгийн ДАШТ дуусаад жил ч болоогүй байхад дараагийн ДАШТ-ий урьдчилсан тоглолт эхлэнэ. Дараагийн ДАШТ 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-нд Катарт болох юм. Энэ талаар спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин /“Таван цагариг”/-гийн бичсэн нийтлэлийг толилуулж байна.


“Катар-2022” дэлхийн аваргад оролцох 32 багаас одоогоор талбайн эзэн Катарын баг тодорхой бөгөөд харин үлдсэн 31 эрхийн төлөө ФИФА-ийн гишүүн 211 орны шигшээ баг 2019 оны зургадугаар сараас 2022 оны гуравдугаар сар хүртэл урьдчилсан тоглолтод хүч үзэх юм. Тив тивд урьдчилсан тоглолтын явагдах хугацаа, формат өөр өөр. Хамгийн эхэнд буюу ирэх зургадугаар сарын 6-нд болон 11-нд Азийн бүсийн нэгдүгээр шатны тоглолтууд явагдах юм.


Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 46 орны чансаагаараа эхний 34 нь хоёрдугаар шатанд шууд орох бол, 35-46 бичигдсэн 12 орны баг нэгдүгээр шатанд сугалаагаар хоорондоо хоёр тоглолт хийж , нийлбэр дүнгээр ялсан зургаан баг нь хоёрдугаар шатанд тоглох эрхээ авна. ФИФА-гийн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гаргасан чансаагаар Азийн бүст 35-46 байрт Малайз, Камбож, Макао, Лаос, Бутан, Монгол, Бангладеш, Гуам, Бруней, Зүүн Тимор, Пакистан, Шри Ланк бичигдэж байгаа бөгөөд энэ 12 орны хөлбөмбөгчид нэгдүгээр шатанд өрсөлдөх нь. Оноолтыг дөрөвдүгээр сарын 17-нд Малайзын Куала Лумпурт байрлах Азийн хөлбөмбөгийн холбооны байранд явуулна.


Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “Талын хөх чононууд” маань “Пот-1”-д орсон болохоор Бангладеш, Гуам, Бруней, Зүүн Тимор, Пакистан, Шри Ланкийн шигшээ багуудын аль нэгтэй нь учраа таарна гэсэн үг. Чансаагаар илүү баг нь эхний тоглолтоо өөрийн талбайд хийх журамтай учир 2019 оны зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотод “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан тоглолт Монголын шигшээ багийн тоглолтоор, Монголд эхэлнэ гэсэн үг.


Сүүлийн жилүүдэд амжилт, тоглолтын агуулга аль алинаар нь сайжирч байгаа Монголын шигшээ багийн хувьд, нэгдүгээр шатны энэ хоёр тоглолт маш чухал ач холбогдолтой. Хэрэв эхний учраагаа ялж, хоёрдугаар шатанд шалгарвал Монголын хөлбөмбөгийн хөгжилд, хөлбөмбөг сонирхогчдын хувьд том гавьяа болох билээ. Учир нь хоёрдугаар шатанд чансаагаар эхний 34-т бичигдсэн багууд дээр нэгдүгээр шатнаас шалгарсан 6 баг, нийт 40 баг найман хэсэгт тав таван багтай хуваагдаж, тойргийн журмаар (өөрийн болон айлын талбайд) тоглох юм.


Ямар ч байсан найм тоглох бөгөөд Ази тивдээ төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлддөг Иран, Япон, БНСУ, Австрали, Саудын Араб гэх мэт багийн аль нэгтэй нэг хэсэгт орж, хөлбөмбөгчид маань тэдэнтэй “хөл зөрүүлж” үзэж, хөгжөөн дэмжигчид маань тэднийг “амьдаар нь харах” боломжтой болох хэрэг.

相关新闻