Цахим гэмт хэрэг үйлдэгчдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-12 11:01:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн хэд хоногт Дундговь аймагт оршин суугч иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаад найзууд руу нь мэдээлэл илгээж, мөнгө гуйх үйлдэл ихэссэн бөгөөд аймгийн Цагдаагийн газар холбогдогчдыг илрүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Цагдаагийн газарт долоон иргэнээс  цахим гэмт хэрэгт өртөж, мөнгөө алдсан гэх гомдол ирсэн бөгөөд нийт 2,5 сая орчим төгрөгийн хохирол учирсан байна.

Гэмт хэрэг үйлдэгчид нь фэйсбүүкийн найзуудынх нь хаягнаас “орой 12 цаг хүртэл хэдэн төгрөг зээлэх үү, хүн рүү мөнгө явуулах гэсэн юм өдөрт 3 удаа данснаасаа мөнгө гаргаж болдог гэнэ ээ, тэгээд 3 удаа гаргачихсан чинь одоо гарахгүй баларч байна аа” гэсэн мессежийг илгээж, итгэсэн хүмүүс нь мөнгөө шилжүүлж хохирсон ажээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газарт ирсэн гомдлууд дээр өнөөдөр хэрэг үүсгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотод ажлын хэсэг гарч, Дундговь аймгийн цагдаа нар холбогдогч эдгээдүүдийг барьсан хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдэгдлээ.

Таны болон танай ойр дотны хүний фэйсбүүк хаягийг ашиглан мөнгөний хэрэг гарлаа гэх мэдээлэл найз нарт чинь илгээж, мөнгө залилах гэмт хэрэг гарч байгаа тул бусдад мөнгө шилжүүлэхдээ эхлээд асууж тодруулж байхыг Цагдаагийн газраас  анхааруулж байна.

相关新闻