“Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг нийгэмд дохио өгөх зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-11 22:57:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, түүний харъяа байгууллагууд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран нийгэмд дохио өгөх зорилгоор “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг, тайван жагсаал зохион байгууллаа.  

Нийгэмд дохио өгөх нөлөөллийн энэхүү үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Уламжлалт анагаах ухааны төв, Сайнцагаан сумын ЭМТ, Боржигон мандал, Өлзийт мандал өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан хаагчид нийт 152 хүн зохион байгуулж оролцжээ.

Өдөрлөгийн үеэр аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн албаны дуут дохио бүхий автомашинуудыг “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриагаар  чимж, нийт оролцогчид зам тээврийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжүүдийг барьж  жагсчээ.

Мөн Эрүүл мэндийн газрын ажилтнууд  аймгийн төвийн хэд хэдэн цэгт уриа, лоозон барьж, “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлье” сэдвийн хүрээнд иргэд, жолооч нарт зөвлөмж өгч, гарын авлага тараасан байна.  

Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл болон жолооч нарт тавих хяналтыг сайжруулж ажилласнаар 2019 оны 4 дүгээр сарын 11-ны байдлаар зам тээврийн осол зөрчил өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37,5 хувиар буурсан байна.

Зам тээврийн ослын улмаас тус аймагт  2017 онд нэг хүүхэд амь насаа алдаж байсан бол 2018 онд зам тээврийн ослоор хүүхэд эндээгүй ажээ.

相关新闻