Б.Хорлоо: Хөгжлийг бий болгох боловсон хүчний асуудал суманд хамгийн ихээр тулгамдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сум Монгол Улсын Засгийн газраас 5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “Шинэ сум” сум төслийг хэрэгжүүлсэн 19 сумын нэг. Тус төслийн хүрээнд сумын төвийн дэд бүтцийг сайжруулж, амьдрах таатай орчин бүрдэх эхлэлийг бий болгосон байдаг. Цаашид сумын хэтийн төлөв, зорилт, хийхээр төлөвлөж байгаа зарим үйл ажиллагааг тодруулахаар Засаг даргын орлогч Б.Хорлоотой ярилцлаа.
-Танай суманд Засгийн газраас “Шинэ сум” төслийг хэрэгжүүлсэн. Аймгийн
төвөөс ороод ирэхэд засмал зам тосоод сайхан болжээ. Ер нь 5 тэрбум төгрөгөөр
суманд яг юу хийв, үр дүн нь ард иргэдэд яаж мэдрэгдэж байна вэ?
-Манай сум Засгийн газрын “Шинэ сум”
төсөл хэрэгжсэн цөөхөн сумын нэг. Тийм болохоор үнэхээр азтай хүмүүс гэж
боддог. Сумын хөгжилд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ
хөрөнгөөр үндсэндээ цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээ гээд инженерийн шугам
сүлжээ, сумын төвд засмал зам тавих бүтээн байгуулалтын ажил хийсэн. Хааш
хаашаа хоёр км урттай дөрвөн зам тавьсан. Замаа дагаад гэрэлтүүлэгтэй болсон.
Үнэхээр харанхуй шөнөөр сумандаа
ороод ирэхэд зам тосоод сум тэр чигээрээ гэрэлтээд үнэхээр сайхан байдаг.
Говийн нөхцөлд бүр хадны гүнээс усаа
татаж, цэвэр усаа холбоно гэдэг маш хүнд ажил. Мөн бохир ус байгальдаа
хоргүйгээр шингэдэг технологийг ашигласан
гэх мэт нүдэнд ил харагдахгүй ч гэсэн ирээдүйг харсан бүтээн байгуулалт
хийсэнээрээ онцлогтой.
Ямар ч л байсан Өлзийтийн ард иргэд
хананаасаа усаа аваад, паалантай 00 ашиглаад, хотоос дутуугүй сайхан амьдрах
тэр орчинг бүрдүүлэх эхлэлийг тавьж өглөө шүү дээ.
Өмнө нь манай суманд байшин болгон
яндантай, нүүрсний хашаатай, хашаа болгон нь үнсээр дүүрэн байсан бол одоо тийм
биш болсон. Бүх л байшин, барилгууд нэгдсэн халаалтад холбогдсон, үнс тоос,
утаа багассан гээд тоочих юм бол ач холбогдол нь их байна.
Ямар ч л байсан айл өрх бүр
хашаандаа байшин барьж, нэгдсэн системд холбогдож, ая тухтай амьдрах боломжийг
бий болгож өгсөн л гэж хэлж чадах байна.
Сумын хөгжилд энэ дэд бүтэц үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгож байгаа. Одоо нэгэнт дэд бүтэц нь бий болчихсон болохоор бид одоо цаашдаа өөрчлөлт хийж, хөгжихөд илүү хялбар болсон гэж боддог юм.
-Суманд дэд бүтэц хийж, хөгжлийн суурийг тавьжээ. Одоо цаашдаа сумынхаа
хөгжил, бүтээн байгууллалттай холбоотой ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
Сумын хөгжлийн эхлэл тавигдсан. Одоо
хоёр том ажлыг эхлүүлье гэж бодож, “Өлзийтийн өнгө” гээд төсөл боловсруулаад дуусч
байна. Манай сумын хувьд дэд бүтэц сайжирсан ч гэсэн сумын төвийн өнгө үзэмж,
гэр хорооллын хашаанууд хуучин хэвээрээ, анх л айл өрхүүд маань яаж хашаажсан,
яг л тэр хэвээрээ байгаа. Тиймээс энэ намартаа чадвал хашаануудаа цэгцлэхээр
төлөвлөж байна.
Мөн иргэдээ орон сууцжуулах хэрэгтэй
байна. Насаараа багш хийчихсэн, төрийн албанд ажиллачихсан хэрнээ өнөөдөр орон
сууцанд төлөх урьдчилгаа бидэнд байхгүй л байна шүү дээ. Мэдээж хүн юм чинь
орон сууцанд сайхан амьдрах хэрэгцээ байж л байна. Цэвэр бохир ус, халаалт гээд
сайхан амьдрах боломжийг бүрдүүлчихсэн хэдий ч байшин бариад суух чадалтай нь
хэд байгаа билээ. Тэгээд ч орон сууцны хороолол бий болчихвол сумын өнгө төрх ч
сэргээд л ирнэ шүү дээ. Тиймээс энэ тал дээр ажиллана аа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил манайд шинэ Соёлын төв барих гээд шаваа тавьчихсан байгаа. Манай сум чинь олон гавьяат, алдартнуудын өлгий нутаг шүү дээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сумьяа, Монгол Улсын Ардын жүжигчин Н.Дагийранз, А.Дашпэлжээ, А.Нэргүй, Гавьяат жүжигчин Ж.Дүнжмаа, Ц.Чулуунцэцэг, Б.Сарантуяа гээд мөн ч олон урлагийн алдартнуудтай нутаг. Тэд бүгд л сумынхаа Соёлын төвөөс гараагаа эхэлсэн байдаг. Одоо ч тэр авьяас тасраагүй, ардын авъяастнууд олон байна.
-Гэр хорооллынхоо хашааг цэгцлэх, орон сууцжуулах хөрөнгө оруулалтаа хэрхэн
шийдэж байна вэ? Иргэд ямар оролцоотой байх бол, хэр дэмжиж байгаа вэ?
- Энэ
үнэхээр чухал, мөн хамгийн гол асуудал. Би яг одоо сумынхаа Мянгат малчдад
хандаад захидал бичиж сууна. Манай сумын мянгат малчдын тоо 80 хүрч байна.
Өнгөрсөн жил Мянгатын уулзалтаа
хийгээд сан байгуулах талаар ярилцсан. Гэхдээ сангаа бүрдүүлж, яг ажил хэрэг
болгож чадаагүй өдийг хүрчээ. Тиймээс одоо энэ ажлаа идэвхжүүлэх бодолтой
байна.
Тэр үед мянгат малчин бүр сандаа нэг
сая төгрөг төвлөрүүлэхээр ярилцсан байсан. Гэхдээ нэг сая төгрөг бэлнээр өгнө
гэдэг тэр хүмүүст бас тийм ч амар байхгүй нь мэдээж. Хэдийгээр мал нь мянга хүрсэн байлаа ч гэсэн
олон хүүхэдтэй хүн ч байна, 4 хүртэл оюутан сургадаг ч хүн байна, нэгэнт л тэр
хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлээр бий болгосон мөнгийг бид бас тэгж шууд авч
болохгүй юм байна лээ. Нэг сая төгрөг гэдэг тэдний хувьд маш их мөнгө.
Гэхдээ Мянгатууд маань уулзаад сан байгуулахыг бүгд дэмжсэн болохоор одоо би тэдэнд юу гэж хандахав гэхээр хандивыг нь малаар аваад сангаа бүрдүүлье гэсэн санал тавьж захидал илгээх гэж байна. Энэ талаар олон малчинтай ярилцаж, зөвлөлдөж, саналыг нь авч байж ийм шийдэлд хүрээд байгаа.
-Мянгат малчдынхаа хандиваар бүрдсэн энэ санг сумын төвийн айл өрхүүдэд
зарцуулахаар тэд яаж хандах бол, ямар менежментээр ажиллах вэ?
-Харин тийм. Малчдын хөрөнгөөр бий
болсон энэ санг хамгийн уран нарийн, чин шударгаар зарцуулж, сумынхаа хөгжилд
хөрөнгө оруулж, малчдынхаа сайн сайхны төлөө ч арвижуулах ажил туйлын чухал
байгаа юм.
Тиймээс сангийн хөрөнгөөр эхлээд гэр хорооллоо
цэгцэлж, хашаануудаа жигдхэн сайхан болгочихно. Тэгээд өрхүүдээсээ эргээд
лизинг маягаар төлүүлнэ гэж иргэдтэйгээ ярилцаад байгаа. Энэ санааг сумын
төвийн иргэд маань сайн дэмжиж байна. Нэг айлын хашааг 400,000-500,000
төгрөгөөр сайжруулах тооцоо гарч байна.
Орон сууцаа ч гэсэн сангийн хөрөнгөөр
бариад дараа нь төлүүлэх бодлого барина. Гэхдээ учиргүй өндөр өртөгтэй байвал
бас иргэдийн маань чадал ямар байгаа билээ. Эхний ээлжинд дөрвөн айлын сууц барьж, лизингээр борлуулаад эргээд сандаа
буцаан төвлөрүүлэх байдлаар цаашдаа хөгжүүлээд явахаар төлөвлөж байна.
Ингээд ирэхээр “Өлзийтийн өнгө” ямар болсон байхав гээд бодохоор нэг л сайхан дүр зураг харагдаад байгаа. УИХ-ын гишүүн Б.Наранхүүд ч хандаж,хамтран ажиллахаар төлөвлөж байна.
-Таны хувьд Өлзийт сумандаа амьдарч, төрийн албанд удирдах ажил олон жил хашсан хүний хувьд суманд ажиллаж амьдрахад ямар бэрхшээл тулгамдаж байна, энэ талаар санал бодлоо хуваалцаач?
- Тэгэхээр
одоо иргэн бүр өөрсдөө хөдөлмөрлөх, үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй байна. Сумын
төвд 160 өрх байгаа. 96 төрийн албан хаагчтай, зарим төрийн албан хаагчид нь
нэг гэр бүлийнх гээд бодохоор 60 орчим өрх л тогтмол ажилтай, орлоготой байна
гэсэн үг.
Манай суманд хэдэн хүнсний
дэлгүүрээс өөр үйлдвэрлэл байхгүй. Тийм болохоор ажилгүй иргэд олон байна. Манайх аймгаас 100 км-т байдаг. Манай сумын
иргэд ихэнх нь аймаг ороод л худалдан авалтаа хийчихдэг.
Ихэнх иргэд маань орлого муутай болохоор
худалдан авах чадвар муу, тэр хэмжээгээр зах зээл байхгүй байна.
Тиймээс одоо иргэдээ ажлын байртай
болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг бодлогоор дэмжих хэрэгцээтэй байгаа.
Тиймээс 2013 онд ОНХС-гийн хөрөнгөөр бариад одоо ашиглаагүй байгаа Ахуй
үйлчилгээний барилгыг засварлаад 6 сард ашиглалтад оруулна. Тэндээ үсчин, оёдолчин,
гуталчин гээд хүний наад захын хэрэгцээг хангах үйлчилгээ, үйлдвэрлэлийг дэмжихээр
ажиллаж байна.
Олон жил төрд ажиллах хугацаанд миний ажигласнаар тулгамддаг хамгийн
том бэрхшээл бол боловсон хүчний асуудал. Энд сураад, төгсөөд, боловсрол
эзэмшсэн залуучууд тэр бүр ирэхгүй байна, нэг бол сурлага сайтай хэрнээ, ирээд
ажиллах боломжтой нэг нь сурах зардлаа төлөх чадвар тааруу байна. Энэ бол
үнэндээ л толгойн өвчин болоод байгаа.
Мэргэжлийн багш, малын эмч, сувилагч
гээд боловсон хүчний эрэлт хэрэгцээ их байна. Эхний ээлжинд аймгийн Засаг даргаар
50 хувийг нь гаргуулаад нэг охиныг сувилагчийн сургуульд явууллаа. Энэ маягаар
шийдэж болох хэдий ч сумын боломж бололцоо тааруу байна.
Миний үед төр бодлогоор ЗДТГ-ын
дарга нарыг Төрийн удирдлагын академид сургаж бэлтгэж байсан. Одоо хараад
байхад тэр бэлтгэгдсэн хүмүүс л өнөөдөр сумдын ЗДТГ-ын даргаар ажиллаж байна
шүү дээ. Ингэж залгамж халаагаа бэлтгэх нь их чухал санагддаг.
Миний хувьд бүтээн байгуулалт, сумын
өнгө төрхийг өөрчлөх ажлыг бол хийж болмоор санагддаг. Цаашдаа сум орныг аваад
явах боловсон хүчнийг бэлтгэх асуудал л хоолой дээр тулаад байдаг юм даа. Тиймээс
хүнээ хөгжүүлэхэд л анхаарч ажиллах нь одоо ажиллаж байгаа бидний үүрэг гэж
боддог. Энэ үнэхээр чухал. Хүн байхад хөгжлийг бий болгож болноо л гэж хэлэхийг
хүсч байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Танд болон Өлзийт сумынхаа нийт ард иргэдэд амжилт хүсч, сайн сайхан бүхний дээдийг ерөөе!