Дорноговийн иргэд хууль зүйн зөвлөгөөг үнэгүй авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх зорилготой “Иргэдэд үйлчлэx танxим” Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаагаа эхэллээ.
Хууль зүйн туслалцааны төвийн харьяа дээрх төв нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлын хүрээнд хууль зүйн өргөн хүрээний асуудлаар иргэдэд үйлчилнэ. Хууль зүйн зөвлөгөө авахыг хүссэн хүн 70001982 утас руу залгахад Улаанбаатарт буй Хууль зүйн туслалцааны төвтэй холбогдох боломжтой.
Мөн Сайншанд сумын “Соёмбо”
цогцолборт байрлах дээрх төвд өөрийн биеэр ирж зөвлөгөө мэдээлэл авч болно. Хууль
зүй, дотоод хэргийн яамнаас 2018 онд Хууль зүйн туслалцааны төвийн үйл
ажиллагааг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
зорилгоор 216 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээс “Иргэдэд үйлчлэх танхим”-д
зориулж албан хэрэгцээнд иж бүрэн компьютер, нөүтбүүк, принтер, проекторыг албаныхан гардуулсан байна.
Одоогоор тус төвд нэг өмгөөлөгч, хууль зүйн
нэг туслах ажилтан ажиллаж буй.
Нээлтийн ёслолд Дорноговь аймгийн Засаг дарга
Т.Энхтүвшин, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Батжаргал,
МХХ-ны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн
хорооны дарга Л.Энхсайхан, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон орон нутгийн
иргэд оролцов.
“Иргэдэд үйлчлэx танxим”-тай болсноор иргэдийн хууль ёсны
эрх, ашгийг хамгаалах, тэдний хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ардчилал хүний
эрхийг бататгах боломжтой гэж албаны хүн өгүүлэв.