А.Ганбаатар Азийн Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-04-06 15:31:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбооны 29 дүгээр их хурал Малайз улсын Куала Лумпур хотод болж байна. Энэ үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарыг Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонголоо.

Азийн Хөлбөмбөгийн холбоо, Монголын Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа, зөв зүйтэй бодлогыг ийнхүү өндрөөр үнэлж, итгэл хүлээлгэв. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, футзал, лигийн систем, орон нутгийн хөлбөмбөг, тоглогч, дасгалжуулагч, шүүгчийн боловсрол гээд хөлбөмбөгийн хүрээний бүхий л төлөөлөлд хүрч ажиллах зорилготой МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны дэд ерөнхийлөгч болсон нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд том хувь нэмэр болох нь гарцаагүй гэж албаныхан үзэж байна.

МХБХ сүүлийн жилүүдэд Азийн томоохон холбоодтой үйл ажлаараа өрсөлдөж, 2018 онд Япон, БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбоодтой эн зэрэгцэн нэгэн шагналын тавцанд гарч, АХБХ-ны "Өсөх ирээдүйтэй холбоо"-гоор шалгарсан юм.


Дашрамд дурдахад, МХБХ өдгөө Герман дасгалжуулагч Майкл Вайсс, Румын улсын иргэн, хаалгачийн дасгалжуулагч Драгош Плопеану, Техникийн захирал Тунис улсын иргэн Хатем Соусси, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Словак улсын иргэн Растислав Бозик, 16-19 насны Охидын шигшээ багийн дасгалжуулагч Япон улсын иргэн Рио Наоко Кавамото гэсэн дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой мэргэжилтнүүдийг Монголдоо ажиллуулж байгаа билээ.


相关新闻