“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам сонин, содон үзүүлбэр ихтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-03 16:48:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ зун наймдугаар сарын 9-11-нд Дундговь аймаг хол, ойрын зочид гийчдийн нүдийг баясгаж, чихийг мялааж, оюуныг хөглөх томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн нь “Их газрын чулуу”-ны Задгай театрт болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам юм. Энэхүү наадмын хөтөлбөр олон сонирхолтой, содон үзүүлбэрүүдээр баялаг ажээ.

Үйл ажиллагааны эхний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын төрсөн бууц “Сүүдэртийн улаан овоо” хэмээх газарт босгох гэрэлт хөшөөний нээлтийг хийхээр төлөвлөжээ.

Наадмын хоёрдахь өдрийн үйл ажиллагаа Их газрын чулууны “Уяхан замбуу тивийн наран” хөшөө цогцолборт болох “Наран угтах ёслол”-оор эхэлж, “Монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр”-ээр үргэлжилж, “Бэсрэг наадам” зохион байгуулж, Олон улсын зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнг толилуулж, Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга” болон “Дуу хуурын орон” тоглолтуудаа өргөн барих ажээ.

Их наадмын сүүлчийн өдөр “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дуучид, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолтоор эхэлж, айрагны баяр, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, “Монгол хувцас” загварын шоу тоглолтоор үргэлжилж, Дуу хуурын өлгий-Дундговь нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолтоор өндөрлөх аж.

Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд нутаг орон, дуу хуур, монгол өв соёлоо таниулах энэхүү том наадмын ерөнхий зураачаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмид, ерөнхий найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Дэлгэрийн Доржсүрэн тус тус ажиллаж байна. 

相关新闻