Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/. Улаанбаатараас зүүн урагш машинаар засмал зам даган ердөө 460 км довтолгоод хүрчихдэг Дорноговь аймагт төмөр зам, авто зам, барилга орон сууц, интернэт гээд Улаанбаатараас дутахгүй дэд бүтэц бий.
Засгийн газраас сүүлийн жилүүдэд Замын-Үүдийн боомтод тулгуурласан эдийн засгийн Чөлөөт бүсийг байгуулах, цаашлаад нефтийн үйлдвэр, Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр зам, Тавантолгойгоос-Ханги хүртэлх авто зам барих гээд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм.
Улсын эдийн засгийг тэтгэх томоохон төслүүд хэрэгжих эхлэл тавигдсан Дорноговь аймагт СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа бизнес, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Батжаргал ирсэн байхтай таарч ярилцлаа.
-Та сайн явж байна уу? Ямар ажлаар явж байна вэ?
Сайн явж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг аймгийн МСҮТ-тэй түншилж хамтарч ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Манай сургууль эдийн засгийн түүчээ болж, хөгжлийг бүтээдэг “Алтан гартай аз жаргалын дархчуудыг бэлтгэдэг” гэж МСҮТ-ийн захирал Б.Адилбиш надтай уулзахдаа хэлсэн. Энэ үг үнэн байна.
МСҮТ-д сурч буй хүүхэд залуус мэргэжлийн боловсрол эзэмшиж, үнэмлэх авах хугацаандаа СЭЗИС-ийн Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн шаталсан виртуал хөтөлбөрийн суурь зургаан хичээлийг төлбөргүй үзнэ.
Төгсөөд манай сургуулийн хоёрдугаар курсын оюутан болох болзлоо хангана гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгдүгээр дамжаанд үздэг ерөнхий эрдмийн хичээлээ багцлаад үзчихнэ.
Дээрх хичээлүүд үндсэндээ тухайн оюутныг хувь хүнийх нь хувьд бэлтгэх, сэтгэл зүйн хувьд бэлтгэх, санхүүгийн боловсролтой болгох, эзэмшсэн мэргэжлээ ашиглаад бүтээн байгуулалтыг хүмүүстэй хэрхэн хамтарч хэрэгжүүлэх вэ гэдэг арга ухааныг заана.
-Сурч, ажиллангаа суралцана гэсэн үг үү?
-Суралцагч оюутнууд маань мэргэжлийн боловсролоо эзэмшиж төгсөөд Дорноговьдоо ажлаа хийхийн хажуугаар гурван жилийн дотор бакалаврын боловсролыг зайнаас цахим хэлбэрээр шатлан суралцаж, олж авах боломжтой.
Өөрөөр хэлбэл ажлаа хийх явцдаа нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын, бизнесийн удирдлагын менежмент, маркетингийн эрх зүйч бакалаврын боловсрол эзэмшинэ. Суралцагчид есөн сард эхлээд зургаан сард дуусдаг улирлаар биш жилийн 365 хоногийн хэзээ ч суралцаад явж болно.
Өглөө, өдөр, үдэш цайны цагаар, амарч зугаалах, гээд хаана хэдийд ч хязгааргүй цагаар суралцах боломжтой. Магистрын хөтөлбөрийн хугацаа багцаагаар нэг жил гаруй байх болов уу.
Оюутан сурах явцдаа аль нэг сэдвээр төслийн диссертаци бичнэ. Гэхдээ үүнийгээ сурч байх хугацаандаа баяжуулаад, алдаа оноотой зүйлээ багшаасаа асуугаад илүү төгөлдөршүүлээд явна.
Магистрын диссертацийн ажил бол тухайн оюутны бизнес байж ч болно, ирээдүйд хийх төсөл байж болно. Харин тэр нь хэрэгжих үндэстэй байх ёстой.
-Тоо бодож толгойгоо өвтгөхгүй, танхимд сууж нойроо хүргэхгүй өөрийн бизнесээ өргөжүүлснээр, эсвэл ирээдүйд хийх бизнесээ төлөвлөж, хэрэгжүүлэх үндэслэлээ баталгаажуулж чадвал бизнесийн удирдлагын магистрт суралцаж болох нь ээ?
Тийм ээ. Жишээ нь таван ажилтантай жижиг цех удирддаг хүн байлаа гэхэд манай оюутан болсноор бие даалт, төгсөлтийн диссертацийн ажлаа өөрийнхөө бизнес дээр хийж болно.
Сургалтаар олж авсан мэдлэгээ өөрийн бизнес ажил үйлс дээрээ туршаад өөрийнхөө бизнесийг өмнөхөөсөө сайжруулж амжилт гаргаж байвал бизнесийн удирдлагад амжилттай суралцаж байна гэж үзнэ.
Төгсөлтийн ажлын дипломоо өөрийнхөө ажлаар хамгаалаад төгсөх боломжтой. Эсвэл нэг засал чимэглэлчин, эсвэл гар урлаач манайд суралцъя гэж үзье. Тэд байнга өсөн дэвжихийг хүснэ.
Нэг өдөр таван хүнтэй бригад байгуулъя гэж бодоход тэр хүн өөрийн багаа удирдах, санхүүгээ хөтлөх мэдлэг боловсролтой болно гэсэн үг. Төрийн болон төрийн бус, хувийн компанид ажилладаг хэн ч гэсэн бизнесийн удирдлагад суралцаж, ирээдүйд бизнес эрхлэх боломжтой.
Оюутнууд нягтлан бодох бүртгэл бизнесийн удирдлага хийгээд тогтвортой хөгжлийг хангах, амьдралын ухаантай болохын сацуу удирдахуйн ухаанд суралцана. Хүнийг хөгжүүлж, сургах гэдэг нь танхимд сургахаас илүү хөдөлмөрөөр нь өөрөөр нь сургахыг хэлээд байгаа юм.
Дорноговь аймгийг яагаад сонгох болов?
-Дорноговь аймаг сүүлийн үед хөгжлөөрөө хурдацтай аймгийн тоонд орж байна. Боомт хот нь байна, дэд бүтэц нь байна, чөлөөт бүс нь ч ашиглалтад орно. Орос-Монгол-Хятад гурван улсын коридор энэ замаар явна. “H-3” гэдэг олон улсын хурдны зам баригдана. Монголын эдийн засгийн түүчээ эндээс эхэлнэ гэж харж байна.
Хятадын Засгийн газраас дэвшүүлж байгаа “Нэг бүс, нэг зам” бодлого, ОХУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн “Эдийн засгийн коридор” гэсэн томоохон төслийн дагуу 2016 онд 32 төсөл хэрэгжүүлнэ гээд гурван улсын ерөнхийлөгч гарын үсэг зурчихсан. Бид дунд нь байгаа хүмүүс. Хэзээ ч нүүгээд явахгүй учраас бид оролцогч байх ёстой. Эдийн засгийн коридорыг Сибирийн баялгийг өмнөд хөрш рүү зөөх тухай гэж хардаг ч тал бий. Гэтэл дунд нь байгаа Монголчууд зөөж байгаа баялгийн тоологч болох ёстой юу.
МСҮТ-д бүх мэргэжлийн анги нь байна. Машины засварын анги, барилгын өрлөг засвар, хоол хүнсний, урлагийн, фермерийн, бэлэг дурсгалын анги гээд бүх л мэргэжлээр ажилтан бэлтгэж байна. Бид МСҮТ-ийн захиралтай гурван гэрээ байгуулсан.
Эхнийх нь МСҮТ-ийн оюутныг СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын бакалаврын цахим виртуал хөтөлбөрт хамруулах, хоёрдугаарт зарим багш нарыг бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт сургах, гурав дахь нь багш оюутнууд хамтраад бүтээн байгуулалтад оролцох. Багшийг ажлын байранд нь хөгжүүлэхийн тулд МСҮТ-ийн зарим багш, удирдах ажилтнуудыг магистрын сургалтад хамруулж эхэлсэн.
Тодорхой тооны хүмүүсийн төлбөрийг зуун хувь, зарим нь хөнгөлөлтэй үнээр суралцах гэрээ байгуулсан. Мэргэжилтэй ажилтан бэлэн боллоо, багш нар нь чадавхжлаа. Тиймээс энэ бүгдийн хүчийг нэгтгээд гурван улсын хооронд өрнүүлж байгаа эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад оролцуулах боломж гарч ирнэ.
Эхлээд сурах, сурсан эрдмээ бүтээл болгож, бүтээлээ бүтээн байгуулалт болгоод явна. Энэ нь эдийн засгийн коридор, дэд бүтэц, замаа дагаж явах болохоор илүү цогц байдлаар Дорноговьд хэрэгжих боломжтой.
-Магистрын сургалтын төлбөр ямар байх вэ?
-Магистрын хөтөлбөрт СЭЗИС-д танхимд сууж сурахад 1.5 жилд 7.5 сая төгрөг зарцуулна. Харин ухаалаг цахим системээр сурсан тохиолдолд хоёр сая төгрөг орчимд багтах боломжтой. Хэн ч энэ хөтөлбөрт хамрагдахад нээлттэй. Бизнесийн удирдлагын чиглэлээр ямар ч мэргэжлийн хүн суралцах боломжтой.
Бараа ажил үйлчилгээ гэдэг хүний сэтгэл ханамж хэрэгцээг хангах чадамж бүхий байх ёстой. Бизнесийг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулахын тулд сайн засаглалыг буй болгох ёстой. Жишээ нь сэтгүүл зүйн магистр нь зөвхөн тэр чиглэлийн зэрэг дэв байдаг шүү дээ.
Харин бизнесийн удирдлагын магистр гэхээр сэтгүүл зүйн салбар ч байж болно, эмч, багш ч байж болно. Өөрөөр хэлбэл бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг. Үүнийг зөв хөтөлж, удирдаж явуулах ур чадвартай болохыг бизнесийн удирдлага гээд байгаа юм.
Цахим зайны сургалтыг виртуал гэж томъёолж байгаа. Тасралтгүй суралцах гэсэн үг. Хоёр жилийн өмнө манай сургууль ухаалаг цахим хөтөлбөрийн платформыг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Эхлээд гадаадад ажиллаж байгаа монголчуудад зориулж хийж байсан. Гадаадад цахим сургалт, боловсрол гэдгийг аль хэдийн хуулиндаа нэр томъёо болгоод оруулчихсан төдийгүй амжилттай хэрэгждэг.
Гэтэл Монголд ийм нэр томъёо алга. Цаашдаа боловсролын систем энэ тогтолцоо руу явна. Одоо хүн бүхэн интернэт ашиглаж байна. Дархан,Эрдэнэт, Увс зэрэг аймагт манай цахим боловсролын магистрын хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бид энэ хөтөлбөрөө өөрийнх нь хөдөлмөрт суурилсан хөтөлбөр гэж нэрлээд байгаа.