Бүсчилсэн хөгжлийн бодлогод санал авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Үндэсний хөгжлийн газраас улсын хэмжээнд "Бүсчилсэн хөгжлийн бодлого" боловсруулах ажлыг зохион байгуулж байна.
Дээрх бодлого чиглэлийн дагуу бодлогын баримт бичигт тусгах саналыг боловсруулахтай холбоотойгоор Сайншанд сумын ЗДТГ төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцож санал бодлоо илэрхийлсэн юм.
Тухайлбал засаглалын бодлогын хувьд сонгуулиар Засаг дарга солигдсон ч төрийн бодлого залгамж халааг үргэлжлүүлж байх, их дээд сургуулиудын салбар сургуулийг орон нутагт байгуулснаар төвлөрлийг сааруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг санал гарчээ.
Мөн иргэдэд саналын хуудас тарааж бичгээр санал авах ажлыг зохион байгуулахаар боллоо. Ажлын хэсэг бодлогын баримт бичигт тусгах иргэдийн саналыг боловсруулж, үр дүнг нэгтгэж орон нутгийн захиргааны байгууллага, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулах ажлыг зохион байгуулах аж.